Эрдэмтэд хортой хуванцраар хооллодог нян илрүүлжээ
Германы эрдэмтэд хортой хуванцраар хооллодог нянг хогийн цэг дээрээс илрүүлжээ. Дэлхий даяар жилд олон сая тонн хуванцар эдлэлийг үйлдвэрлэдэг. Хаягдал хуванцар эдлэл задралд орохдоо хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодис ялгаруулдаг бөгөөд эдгээр хорт бодис олон төрлийн нянг устгадаг байна. Гэтэл эрдэмтдийн илрүүлсэн энэ нян полиуретан зэрэг хуванцарт тэсвэртэйгээс гадна эдгээрээр хооллодог болохыг тогтоожээ. Энэ нээлт дахин боловсруулах боломжгүй полиуретан эдлэлийг устгах, дахин боловсруулахад чухал алхам боллоо гэж Германы Хельмуц Байгаль орчны судалгааны төвийн судлаач Херманн Хайпийпер онцолжээ. Эл нянг өргөн хүрээнд ашиглах хүртэл арван жил шаардагдана гээд энэ хугацаанд хуванцрын хэрэглээг бууруулах, байгаль орчинд хаягдаж буй хуванцар хог хаягдлыг үлэмж хэмжээгээр багасгах шаардлагатай гэж тэрбээр ярьжээ.
1950-иад оноос хойш дэлхий дээр найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн нь байгаль орчинг асар их хэмжээгээр бохирдуулж, хордуулж байна гэж эрдэмтэд анхааруулж байна. Эрдэмтдийн илрүүлсэн Pseudomonas нянгийн шинэ төрөл халуун, хортой орчинд тэсвэртэй болохыг тогтоожээ. Үүнээс өмнө полиуретаныг задруулахад мөөгөнцрийг ашигладаг байсан бөгөөд мөөгөнцрийг бодвол энэ нянг үйлдвэрийн зорилгоор ашиглахад хялбар гэнэ. Хайпийперийн ярьснаар, дараагийн алхамд энэхүү нянгийн генийг тогтоох судалгааны ажил хийхээр төлөвлөжээ. Байгаль орчинд хаягдсан хуванцар хог хаягдал их хэмжээний нүүрс төрөгч ялгаруулдаг бөгөөд үүгээр хооллох шинэ төрөл гарч ирэх хувьсал явагддаг. Ийм орчинд асар олон төрлийн нян үржиж, маш хурдацтай хувьсан өөрчлөгддөг гэж Хайпийпер тайлбарлажээ. Гэхдээ микробилогичдийн энэ ажил хуванцар хог хаягдлыг бүрэн шийдэхэд хүргэхгүй. Тиймээс юуны өмнө байгальд хуванцар хог хаягдлыг хаяхгүй байх нь хамгийн чухал гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.