БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол илэрсэн
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2086 тохиолдол шинээр илэрснээс 2058 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 318 105-д хүрсэн байна.
Өнгрөгч баасан гарагт 2248, пүрэв гарагт 2468 хүнээс халдвар илэрсэнтэй харьцуулахад буурсан.
Ийнхүү өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо есдүгээр сарын 26-наас хойш 2000 даваад байна.
Мөн бямба гарагт 1755 хүн бүрэн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 278 847-д хүрсэн бол халдварын улмаас гурван хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 2507 болжээ.
Цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдээд буй БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн гурван сар орчмын турш 1000 даваад байсан ч өнгөрсөн сард болсон Ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд дахин эрс нэмэгдээд байна.
Мөн 10 дугаар сарын 3-нд улс байгуулагдсан өдөр, 10 дугаар сарын 9-нд Хангыль үсгийн баяр тохиож, тус тус гурван хоног дараалан амрах тул халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж болзошгүйд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байна гэв.
БНСУ-ын эрх баригчид үүнтэй холбоотойгоор хүн хоорондын зай барих хатуу журмын хэрэгжих хугацааг хоёр долоо хоногоор сунгах шийдвэрийг баасан гарагт гаргасан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.