ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ: Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмч нарт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ: Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмч нарт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

ТАЛАРХАЛ
Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нараа

Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажилладаг буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм.

Дэлхий нийтийг нөмөрсөн ковид-19 хэмээх аюулт цар тахлын эсрэг хүн төрөлхтөн даяараа тэмцэж байгаа хүнд цаг үеийг бид туулж байна.

Өнөөдөр аюулт өвчний эсрэг амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, галын шугамын тэргүүн эгнээнд бат итгэлтэй, чин зоригтой сөрөн зогсож байгаа нийт цагаан нөмрөгт баатруудаараа Монгол улс бахархаж байна.

Эмч нар та бүхний бусдын төлөө гэсэн ариун сэтгэл, сурч мэдсэн авьяас чадвар, дундаршгүй хичээл зүтгэлийн ач гавьяагаар хилийн чанадаас авчирсан иргэдээ амжилттай эмчилж байгаад улсын ерөнхий сайдын хувьд туйлын их талархаж байгааг уламжлая.

Хэдийгээр аюулт цар тахал өдрөөс өдөрт дэлхий даяар улам бүр хүчээ авч байгаа ч Монголын эмч нар хоёр иргэнээ эдгээсэн сайхан мэдээг дуулган ард түмнээ баярлуулж байгаад туйлын их баяртай байна.

Алтан гартай, бурхан ухаантай ачлалт эмч нарынхаа хүчээр иргэдээ бүрэн эдгээн эрүүл саруул болгож чадна гэсэн итгэлийг улам сэргээлээ.

Нийт эмч нартаа дахин талархал илэрхийлж анагаасан буян нь аадар мэт буух болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.