“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчид зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан.
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгч нар Монголын зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан.
ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирал энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ.
Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Монгол, Уганда, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн оролцож байгаа бөгөөд Монголын зайран Б.Эрдэнэсан нэвтрүүлгийн Шилдэг тавд шалгарч чадлаа.
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн энэ сарын 20-нд гарсан шинэ дугаараар, оролцогч зөн билэгтнүүд гурван хар хайрцагнаас нэгийг нь онгойлгох ёстой байлаа. Хайрцаг бүрт өөр өөр даалгавар бий. Гэхдээ гурван хайрцагт байгаа зүйлс нэг үйл явдалд холбогдоно. Тэр нь өсвөр насны хүү өөрийгөө дүүжилж, нас барсан явдал юм.
Зөн билэгчдийн даалгавар бол болсон явдал, түүний шалтгааны талаар ярих. Энэ дугаарын даалгаврын үеэр Монголын зайран Б.Эрдэнэсан болон Оросын зөн билэгтэн Максим Левинд хүүгийн зураг таарчээ. Харин Владислав Череватый, Ольга Якубович нарт хэргийн газрын зургууд, Марианна Атие, Линда Хевард-Миллс нарт нас барсан хүүгийн утас таарсан байлаа.
Энэ дугаарын даалгаврыг Максим Левин хамгийн сайн гүйцэтгэсэн гэж шүүгч нар үзжээ. Түүний нэр цагаан дугтуйнд байв. Шүүгч нар мөн Монголын зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан юм.
Тэгвэл оролцогч Марианна Атие гар утасны эзэн амьд гэж хэлж, алдаа гаргажээ. Марианна саяхан ээжийгээ нутаглуулснаас болж даалгавартаа бүрэн төвлөрч чадаагүй гэх шалтгаанаар хөтлөгч Марат Башаровоос өөрт нь хоёр дахь боломж олгохыг хүссэн байна.
Хөтлөгч хэрвээ бусад оролцогч нар эсэргүүцэхгүй бол хоёр дахь боломжийг олгоё гэжээ. Марианнад хоёр дахь боломж өгөхийг Линда Хевард-Миллс эхэндээ эсэргүүцэж байгаад, сүүлд нь бодлоо өөрчилжээ. Харин Б.Эрдэнэсан үүнийг эрс эсэргүүцэж, бүгд өрсөлдөхөөр ирсэн, ялахын төлөө тэмцэх ёстой гэж үзсэнээр Марианна Атие зөрчилдөөнтэйгөөр “Зөн билгийн тулаан”-ыг орхисон байна.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Зөн билгийн тулаан”-ы 22 дахь улирлын ялагч нь хэн байх талаар үзэгч, уншигчдаас санал асуулга авч байгаа юм. Санал асуулгад “Арванхоёрдугаар сарын сүүлчээр хэн нь ялагч болохыг харж, зөн билгээ шалгаарай” гэсэн агуулгыг онцолжээ.
ОРОСЫН “ЗӨН БИЛГИЙН ТУЛААН” НЭВТРҮҮЛГИЙН ШИЛДЭГ ТАВАН ОРОЛЦОГЧ
Максим Левин
Линда Хевард-Миллс
Владислав Череватый
Зайран Буянтогтохын Эрдэнэсан
Ольга Якубович
ЗАЙРАН Б.ЭРДЭНЭСАНГИЙН ТУХАЙ
Б.Эрдэнэсан нь үе дамжсан зайран юм. Тэрбээр есөн үедээ удам дамжсан бөө аж.
Тэрбээр программист мэргэжилтэй ч 10 жилийн өмнө ер бусын, нууцлаг мэдрэмж төрж эхэлснээр зайран болох замыг сонгожээ. Эхлээд түүний толгой, нуруу өвдөж, онош нь гаралгүй удсан байна.
Б.Эрдэнэсан дөрвөн жилийн өмнө Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт түрүүлсэн билээ.
Үүнийхээ дараа тэр Оросын “Зөн билгийн тулаан”-д оролцож, түрүүлж байна гэж зүүдэлжээ.
Тэр чонын яс, хэнгэрэг ашигладаг. Б.Эрдэнэсангийн ах Б.Анхбаяр мөн зөн билэгтэн гэнэ.
Түүний чамин уламжлалт эд зүйл нь баруун гартаа барьдаг жижигхэн бамбай. Тэр нь бөөгийн хувьд хөндлөнгийн таагүй зүйлсээс хамгаалахад зайлшгүй шаардлагатай аж.
Оросын сайтууд “Б.Эрдэнэсан Оросын “Зөн билгийн тулаан”-ы эхний дугаарын даалгаврыг гүйцэтгэхээр ирэхдээ Монголын үндэсний хувцас болох дээл өмсөж, баруун гартаа жижиг бамбай барьж ирсэн. Бамбай нь түүнийг бусад оролцогчдын хэл амнаас хамгаалдаг” хэмээн бичжээ.
“Гэхдээ уг хамгаалалт нь түүнд машины багаажинд нуугдсан хүнийг олоход тусалсангүй. Тэр зөв машинаа олоход тун ойрхон байлаа. Б.Эрдэнэсан "Улаан машинд хүн байна. Тэр хүн шаргал үстэй” гэж шууд хэлсэн ч яагаад ч юм бодлоо өөрчилж, хажуугийнх нь хар автомашиныг заасан. Ажиглагчид энэ явдлыг "Монголын оролцогчийн өмнө даалгавар гүйцэтгэсэн хүний хийсэн зан үйл түүнд нөлөөлсөн" гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.