“AirAsia” компанийн тэргүүн хилээ нээхийг Засгийн газруудад уриалжээ

“AirAsia” компанийн тэргүүн хилээ нээхийг Засгийн газруудад уриалжээ

Азийн агаарын тээврийн хамгийн том компаниудын нэг болох Малайзын “AirAsia” компанийн тэргүүн Тони Фернандес хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө хилээ нээхийг бүс нутгийн орнуудынхаа Засгийн газруудад хандан уриалжээ.

“AirAsia” компанийг үүсгэн байгуулагч тэрбээр “BBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “улстөрчид зоригтой байх хэрэгтэй” гэдгийг онцлон хэлсэн байна. 2019 онд Зүүн Өмнөд Азийн дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлсэн хил дамнасан аялал жуулчлал “COVID-19” цар тахлын үр дагаварт нэрвэгдээд байгаа юм.

Т.Фернандес “Singapore Airshow” үйл ажиллагааны үеэр хэлэхдээ, “Гүнзгий амьсгаа аваад бодит байдлыг үнэлэх цаг иржээ... “Омикрон” хувилбар хэдийнээ тархаад байхад хилийг хаалттай байлгах нь учир дутагдалтай болоод байна” хэмээгээд, одоо хүн амын амьжиргаа, эдийн засгаа хамгаалах хэрэгтэй гэдгийг тодотгожээ.

“AirAsia” нь 2020 онд дэлхийн агаарын тээврийн бусад компаниудын нэгэн адил их хэмжээний алдагдал хүлээжээ. Гэхдээ Европ, Хойд Америкийн хямд өртөгтэй агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа 2021 онд зорчих хөдөлгөөний дүрэм журмууд суларсантай зэрэгцэн сэргэсэн бол Азийн агаарын тээврийн компаниудын нөхцөл байдал улам хүндэрчээ.

Тухайлбал, Ирландын “Ryanair” компанийн орлого 2021 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн байхад “AirAsia” компанийнх мөн хугацаанд гуравны нэгээр буурчээ. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ мэдээлснээр, 2021 оны эцэс гэхэд Ази-Номхон далайн бүсэд л агаарын тээврийн хөдөлгөөнд дорвитой ахиц гараагүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.