“COVID-19”-ийн вакцинуудын үр дүнг урьдчилан таамаглах математик загварчлал гаргажээ
Австралийн Квинслендийн их сургуулийн судлаач “COVID-19”-ийн вакцинуудын үр дүнг урьдчилан таамаглах боломжтой математик загварчлал гаргасан нь ирээдүйд вакциныг илүү хурдан үйлдвэрлэх боломж бүрдэх итгэл найдвар төрүүлж байна.
Квинслендийн их сургуулийн судлаач, доктор Пранеш Падманабхан Энэтхэгийн судлаачидтай хамтран “COVID-19”-ийн голлох найман вакцинд хамрагдсан хүмүүсийн биед үүссэн эсрэг биетийн хариу урвалд тулгуурлан математик загварчлалыг бий болгожээ.
Энэхүү загварчлал нь “COVID-19” халдварыг үүсгэгч “SARS-CoV-2” вирусний анхны хувилбарт тулгуурласан ч цаашид нэмэлт судалгаа хийснээр ирээдүйд үүсэж болзошгүй хувилбаруудын эсрэг хэрхэн үйлчлэхийг нь тодорхойлох боломжтой болно гэж П.Падманабхан үзэж байна.
“Аливаа вакцины үр дүнг урьдчилан таамагласнаар түүний гарган авах, хөгжүүлэх үйл явцыг хурдасгах боломжтой” гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Судлаачид “SARS-CoV-2”-ын эсрэг биетүүдийн математик загварчлалыг гаргахын тулд 20 судалгааны 80 эсрэг биетэд дүн шинжилгээ хийжээ.
Түүний дараа голлох найман вакцины эмнэлзүйн туршилтын мэдээллийг нарийвчлан судалсан бөгөөд вакцины “SARS-CoV-2”-оос хамгаалах байдал, эсрэг биетийн хариу урвалын хооронд холбоо хамаарал байгааг олж тогтоосон байна. Энэ нь судалгаагаар хамарсан найман вакцины үр нөлөөг урьдчилан таамаглах математик загварыг боловсруулах боломжийг олгож, улмаар эмнэлзүйн туршилтын үр дүнтэй тун ойролцоо дүн гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.