Б.Отгон: Уурхайн удирдлагууд ингэж хэлсэн шүү!!!
Малчдыг хүчирхийлээд байгаа уурхайн цаана манай ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО байгаа юм гэнэ ээ!! Уурхайн удирдлагууд ингэж хэлсэн шүү!!!
Нүүр нүдгүй лавсан орох цасан дундуур замдаа хонон өнжин явж Дорноговь аймгийн Мандах сумын нутагт уурхай малчдын хооронд тэмцэл болж буй газарт очоод ирлээ.Төллөж буй мал, нялх төл, хүүхэд, гэр орноо тэр чигт нь хаяад хэдэн малчид нь хаврын хавсарганд уурхайн ухсан шороон дээр бөөвийтөл сууж байна. Уурхайнханы хөлсөлсөн том биетэй залууст зодуулж, энд тэндээ шалбарсан, дээлээ уруулсан, машинаа мөргүүлсэн гээд түмэн зовлонтой. Өнгөрсөн намар ирэхэд нь хөөгөөд гаргасан уурхай өнөөдөр дахиад том том техникүүдээ ачаад иржээ.
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Хошуун хонд” хэмээх газар нь тус сумын 2 багийн малчдын отрын бүс нутаг. Дундын худагтай. Зун, хавар, намартаа 30-аад малчин өрх нутагладаг. Өмнө нь малчид энэ газарт хаваржааны газар авахаар өргөдлөө өгөхөд нь “отрын бүс нутаг учир малчид дундаа ашиглана. Нэг малчин эзэмшиж болохгүй ” гэж сумаас нь хариу өгдөг байжээ. Гэвч энэ газрыг нь төрөөс “Түмэн айл инвест” гэх компанид 30 жил ашиглах нүүрсний лиценз өгчээ. Цөлжилт, эргэн тойронд нь үйл ажиллагаа явуулах уурхайгаас болж бэлчээр усны хомсдолд орсон малчид үлдсэн цорын ганц бэлчээрээ уурхайд өгөхгүй хэмээн эрслэн тэмцэв. Анх лиценз олгохдоо малчдын санаа бодлыг сонсоогүй, багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй, хууль зөрчин дээрээс олгосон нь өнөөдрийн энэ зөрчлийг бий болгожээ. Уурхайн удирдлагууд: “Төр эхнээсээ яах гэж энэ газарт бидэнд лиценз өгсөн юм бэ? Бид их хэмжээний мөнгөө гаргасан. Тэр мөнгийг малчид та нар гаргах уу? Төр чинь гаргах уу? Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод уул уурхайг дэмжихээр тусгасан. Эдийн засаг хүндэрлээ. Доллар 5000 д хүрэх гээд Монголд валютын нөөц хэрэгтэй учраас биднийг үйл ажиллагаагаа явуул гээд байна ” гэсэн үгийг хэлж байна. Манай засгийн газрын бодлого юм гэнэ дээ. Өнөөдөр л уурхайгаас авах хэдэн төгрөг хэрэгтэй болохоос манай Засгийн газарт малчид, газар нутаг, ус бэлчээр, экологийн сүйрэл, хамаагүй гэж үү? “Түмэн айл инвест” компаний үйл ажиллагааг саадгүй явуул гэж Хууль зүйн сайд Х. Нямбаатар өнгөрсөн намар үүрэгдэж байсан, аймгаас ирсэн ажлын хэсэг нь уг уурхай Монгол улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчснийг тогтоосон мөртлөө зөвшөөрөлгүй газар дээрээс нь хөөгөөд гаргах “эрхгүй”, хэдэн цагдаагаар мануулчихсан. Энэ компаний цаана Монголын газар нутгийг Хятадуудтай нийлж “цөлмөдөг” бүлэглэл, мафи байна. Тэдний өөдөөс Монголын төр жижигэрч байна. Засгийн газар болон аймгаас нь “малчидтайгаа зөвшилц, тохир” гэсэн чиглэлийг өгч байна. Уучлаарай. Зөвшилцөнө, тохирно гэдэг үг чинь газар нутгаа зар, худалд, мөнгийг нь ав л гэсэн үг биз дээ. Ийм хойч үеийн төлөө энэ эх орон тусгаар тогтнолын төлөө өвгөд амиа золиогүй юм шүү. Эцэст нь ЛИЦЕНЗ нэртэй алга дарам цаасны чинь цаана ардын амь, аюулгүй байдал, тусгаар тогтнол чинь алдагдаж байна.
“Баялагтаа эзэн Монгол”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэж хоосон уриа , зассан тайз, хурал цуглаан дээр худал попрохоос хэтэрдэггүй Төрийн удирдлагууд уурхай, малчин хоёрын дунд үүссэн ужгирсан асуудлыг газар дээр нь очиж үзчихээд дараа нь ярь. Наад лиценз олголтоо цэгцэл. Эцсийн эцэст та нарын "захиалгатай, мөнгөний хууль"-иас болж Монгол хүн эх нутагтаа эзний ёсоор амьдрах эрхгүйд хүрээд байна. Дорноговь аймгийн иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Энхтүвшин нар тойрогт нь ийм том асуудал үүсч, хүний амь эрсдэх нөхцөл бий болж байхад хаана явна вэ?
Сэтгүүлч Б.Отгон 2022.04.15
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.