Хэрэг өдөөсөн гэх туулайн чихт этгээд тайлбар өгөв

Хэрэг өдөөсөн гэх туулайн чихт этгээд тайлбар өгөв

Аравдугаар сарын 29-нд Сөүл дэх Итэвон дүүрэгт болсон Хэллоуины баярын үеэрх зүрх шимшрэм үйл явдлыг шалгах мөрдөгчдийг баг ажилдаа оржээ. 

Мөрдөгчид осол болсон газрын ойролцоох хяналтын камерын бичлэг болон олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдийг цуглуулан, мөрдлөгийн ажиллагаа явуулж байна. 

Цуглуулсан бичлэг болон гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн туулайн чих зүүсэн залуу уг хэргийг өдөөсөн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн иргэд ч уг мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Удалгүй хэрэг өдөөсөн байж болзошгүй этгээдийг олж тогтоон, цахим орчинд түүнийг хараан зүхэж эхэлжээ. 

Түүний зургийг цахим орчинд тарааж эхлэх үед зурган дээрх эр өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр "Үүнийг миний танилууд болон гэр бүлийнхэн харсан гэж бодож байна. Утасныхаа мэдэгдлийг хаасан байсан болохоор энэ байдлыг бусдаас хожуу мэдлээ. Та бүхний харж буйгаар найз бид хоёр шулмын ан хийх бай болж байна. Хэдийгээр би туулайн чих зүүсэн байсан ч хэрэг гарах үед бид хоёр хэдийнэ Итэвоныг орхисон байсан. Надад үүнийг нотлох баримт бий. 

Би нэр төрөө цэвэрлэх зорилгоор шүүхэд хандахаар төлөвлөж байна. Хэрэв та бүхэн энэ зургийг интернэтээс харвал над руу DM бичээрэй. Үл ойлголцол, таагүй зүйлс болж байгааг мэдэж байна. Гэхдээ шулмын ангаа ингээд зогсоохыг хүсэж байна" гэжээ. 

 

 

Гэрчүүд 5-6 бүлэг этгээд хүмүүсийг шахаж байсан гэж мэдүүлсэн. Харин тэрээр найзтайгаа хоёулхнаа явж байжээ. Олон хүн цугласан байсан учраас тэд Хапжон руу явсан бөгөөд тэгэх замдаа осол болсон газрын хажуугаар явсан нь үнэн гэжээ.

Гэхдээ хэнийг ч түлхээгүй гэдгээ мэдүүлсэн ба үүнийгээ нотлохын тулд Итэвоныг дахин зорьж, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримт цуглуулжээ.

Тэрээр осол болсон өдрийн 21:55 цагийн орчимд Итэвоныг орхин, 22:17 цагт Хапжонд ирсэн бөгөөд үүнийг батлах метроны тасалбарыг баримт болгон хавсаргажээ. 

Түүнийг ийнхүү мэдэгдэл хийсний дараа иргэд гэмгүй хүмүүсийг үндэслэлгүй гүтгэж, олон нийтийн сүлжээнд хараан зүхэж буй явдлыг шүүмжилсээр байна. 

Цагдаа нар гэмт этгээдийг 52 хяналтын камерын бичлэг болон 44 гэрчийн мэдүүлэг, олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийг үндэслэн эрэн сурвалжилж байгаа. 

Хэрэв уг этгээд баригдан, хэрэг өдөөсөн болох нь тогтоогдвол хэд хэдэн зүйл ангиар ял шийтгэл хүлээх юм. 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.