БНСУ-ын Сөүл хотын дарга О Се Хун хүлцэл өчжээ.

БНСУ-ын Сөүл хотын дарга О Се Хун хүлцэл өчжээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга О Се Хун сүнсний баярын үеэр шахцалдаан үүссэний улмаас 156 хүн амиа алдсан харамсалтай явдал гарсантай холбогдуулан мягмар гарагт хүлцэл өчжээ.

“Оршин суугчдынхаа амь нас, аюулгүй байдлыг хариуцдаг Сөүл хотын даргын хувьд хариуцлагаа гүнээ ухамсарлаж, хүлцэл өчиж байна. Хотын засаг захиргаа оршуулгын ажил дуусаж, амиа алдагсдын ар гэрийнхэн, гэмтэж бэртсэн хүмүүс, харамсан гашуудаж буй хүн бүр хэвийн амьдралдаа эргэн орох хүртэл бүх хүчин чадлаа дайчлах болно” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн ийм харамсалтай осол дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ амласан байна. Түүний хэлснээр, яг энэ цаг мөчөөс эхлэн хотын засаг захиргаа олон хүн цуглах газруудад аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчээ дайчилна.

Өнгөрсөн бямба гарагт олон хүн цугларна гэж таамаглаж байсан боловч харамсалтай хэрэг явдал гарсан Итэвон дүүрэгт эрх баригчид болон цагдаа нарыг эмх журмыг сахиулж чадаагүй гэх шүүмжлэл гарах болоод байна. Тухайлбал, олон хүн цуглах гэж байгааг харгалзан урьдчилан сэргийлэх зохистой арга хэмжээнүүдийг авах ёстой байсан гэж зарим шүүмжлэгч үзэж байна.

Итэвонд харамсалтай осол гарах үед О Се Хун Европт айлчилж байсан бөгөөд хилийн чанадад хийх айлчлалаа цуцлаад ням гарагт буцаж иржээ. Мягмар гарагт мөн Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ли Сан Мин, Үндэсний цагдаагийн газрын дарга Юн Хи Кеун нар хүлцэл өчсөн байна. 

Сүнсний баярын үеэр үүссэн шахцалдааны улмаас 156 хүн харамсалтайгаар амиа алджээ. Түүнчлэн 30 хүний биеийн байдал хүнд байна. Амиа алдагсдын гуравны хоёр нь /103 хүн/ 20 гаруй насны залуучууд байсан бөгөөд нийт 100 эмэгтэй, гадаадын 26 иргэн амиа алджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.