О.Цогтгэрэл: Сү.Батболдын үед оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.12.12/ хуралдлаа. Өнөөдрийн бүлгийн хуралд 11-ээс 10 гишүүний ирцтэй оролцсон байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудлаар зургаан жилийн турш нам гүм байснаа өнөөдөр бусдаас буруу хайж, өөрсдөө цэвэр үлдэх гэсэн төрийн төлөөллийн тайлбар нь иргэдэд таалагдахгүй байна. Ард иргэд тэр хариултад итгэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” өөрөө жилд 1 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Ирэх дөрвөн жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Үүний цаана дахиад нууц гэрээ гарч ирвэл магадгүй ирэх 10 жил зарах нүүрсний орлогоо урьдчилж аваад, хуваагаад идчихсэн нөхцөл байдал байгаа тул ард иргэд төрд итгэхгүй байна. Ер нь оффтейк гэрээ хэзээнээс эхэлсэн бэ?
Магадгүй, 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын үед анхны оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”-г ашиглан "Чалко"-гоос 1 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байсан түүхтэй. Саяхан гарч ирж байгаа гэрээнүүд 2022 онд зурсан байна. Ийм байхад яагаад ард иргэдийн тархийг угаагаад байгаа юм бэ. Төрөлжсөн хулгайг гудамжинд явж байгаа хүн хийхгүй. Бизнес эрхлэгч хийхгүй. Төрөлжсөн хулгайг эрх мэдэлтэй хүн хийдэг. 2022 оны гэрээг нууцын зэрэглэлд хамруулсан байтал хэнээс юу хайгаад байгаа юм бэ.
Соёлын төв өргөөг жагсагчдад нээлттэй болгож өгөх хэрэгтэй байна. Сүхбаатарын талбайд сүлжээ унагаж байна.
“Эрдэнэт” үйлдвэр болон бусад төрийн өмчит аж ахуй нэгжтэй холбоотой оффтэйк гэрээ байгуулсан эсэх асуудал урган гарч байна. Үүнийг ил болгохыг шаардаж ажиллах болно.
Харин УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА "Сүүлийн зургаан жил МАН 62-65 суудалтай засаглаж байна. Эрх баригчид тогтолцооны өөрчлөлтөөр халхавчилж магадгүй юм. Бүх эрх мэдэл МАН-д байхад нүүрсний хулгайг ийм хэмжээнд хүртэл нь явууллаа. Хувийн хэвшил бол аль болох ашигтай гэрээ хэлэлцээрийн төлөө явна. Тиймээс авлига авсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох ёстой. СТӨ-ний ариун цэврийн өрөө, доод давхарыг иргэдэд нээлттэй болгох ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.