“Мотив” хамтлаг тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг УГЗ С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана
Хайрын дуунуудаар фэнүүдийнхээ сонорыг мялаасан “Мотив” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо “Зайсан хилл” цогцолборт энэ сарын 18-нд зохион байгуулна.
2008 онд “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас хамтлаг болон төрж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэд 15 жилийн ойдоо зориулан шинэ уран бүтээл, клипээ хүргэх гэж байна.
Хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр “Аливаа зүйл ач холбогдолтой байх ёстой. Уран бүтээлчид дуугаараа хайр, аз жаргал, баяр гунигийг мэдрүүлдэг. “Мотив” хамтлагийнхан маань СУИС-ийг төгссөн, мэргэжлийн уран бүтээлчид байдаг. Бид 2008 онд хамтлаг болж, анхны тоглолтоо 2010 онд “Улаанбаатар палас”-ын концертын танхимд хийж байлаа. Энэ удаад хамтлагийнхаа хэмжээний томоохон гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, хамтлаг байгуулаад 15 жил болжээ. Нэмж хэлэхэд нөхөрлөлийн 20 жилийг үдсэн байна. Тэгээд хамтдаа ойн баяраа тэмдэглэхээр шийдэж, үзэгч сонсогчидтойгоо баяраа хуваалцах гэж байгаа нь энэ. Бид 10 жилийн дараа нэгдэж, тоглолтоо хийх гэж буйгаараа онцлог. Тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана” гэв.
Тэдний тоглолт гурван хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэг дуулалт, бүжигтэй бол дараагийн хэсэг амьд хөгжимтэй, төгсгөлийн хэсэг хүндэтгэлийн арга хэмжээгээр дуусахыг зохион байгуулагчдын зүгээс хэлэв. Нийт 30 гаруй шилдэг дуу эгшиглэх нь ээ. Хамтлагийн залуус үзэгч, сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьж, маш сайхан тоглолтыг хүргэхээр хичээн ажиллаж байгаагаа дуулгалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.