Хойд Солонгос К-драма үзсэн хүүхдүүдэд ял оноож буй бичлэг цацагджээ
BBC News Хойд Солонгосын өсвөр насны хоёр хүү к-драма үзсэнийхээ төлөө 12 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял шийтгэгдэж буйг харуулсан бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Уг бичлэг 2020 онд бичигдсэн хэмээн үзэж буй бөгөөд цэнгэлдэх дүүрэн сурагчдын дунд 16 настай хоёр хүүд гав зүүн, алдаагаа ухамсарлаагүй хэмээн зэмлэх аж.
Өмнөд Солонгосын контентуудыг Хойд Солонгост үзэхийг хориглодог. Гэсэн ч тус улсын өсвөр үеийнхэн, хүүхэд залуусын дунд к-поп, к-драма үзэх явдал байсаар байна. Хойд Солонгосын тухай гэрэл зураг, видео бичлэг гадаад ертөнцөд цацагдах нь тун ховор.
Тус бичлэгт төрийн суртал ухуулгыг сануулан "Ялзарсан утсан хүүхэлдэйн соёл өсвөр насныханд хүртэл тархаж байна. Тэд дөнгөж 16 настай хэдий ч өөрсдийн ирээдүйг сүйрүүллээ" хэмээн өгүүлэх аж. Өмнө нь хууль зөрчсөн насанд хүрээгүй хүүхдүүдэд хорих ял оноохоос илүүтэй тав хүртэлх жилээр хөдөлмөрийн лагерьт явуулдаг байжээ.
Хойд Солонгост хөрш орнуудаа өлсгөлөнд нэрвэгдэж байгаа тухай суртал ухуулга явуулдаг. Гэтэл иргэдийн нууцаар үзэж буй контентод байдал тэс өөр байгаа нь тус улсын Ерөнхийлөгч Кимийн гэр бүлийг үнэлэх үнэлэмжийн эсрэг үйлдэл хэмээн үздэг байна.
Тус улсад 2020 оноос эхлэн Өмнөд Солонгос контент үзсэн иргэдэд цаазаар авах ял оноох тухай хууль баталсан. Үүний дараа 22 настай залууг олон нийтийн өмнө буудан хөнөөсөн билээ.
Хойд Солонгосууд 2000 оны үеэс эхлэн Өмнөд Солонгосын контентуудыг үзэж эхэлжээ. Тус улсын иргэд АНУ-ын контент үзсэн тохиолдолд хахууль өгөөд мултарч болдог бол Өмнөд Солонгос контент үзсэн иргэд цаазаар авах ял авах хүртэл шийтгэл хүртдэг нь хачирхалтай хэмээн нэгэн дүрвэгч ярьжээ. Тэрээр мөн "Хойд Солонгосын ард түмний хувьд Өмнөдын олон ангит кино үзэх нь хэцүү нөхцөл, бодит байдлаа мартахад тусалдаг "хар тамхи" юм" хэмээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.