КОВИД-19 I Нас барагсдын тоо 100 мянгыг давлаа
Баасан гарагийн байдлаар дэлхий даяар 100,000 хүн Covid-19 өвчнөөр нас барсныг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулжээ. Үүнээс гадна шинэ коронавирусний халдварын 1.6 сая батлагдсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдсэн байна.
Оношлуур хүрэлцээгүй байгаагаас халдварын бодит тоо үүнээс ч илүү гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Дэлхийн улс орнуудыг Итали улс бараг 19,000 эндэгдэлтэй тэргүүлж байгаа бол араас нь АНУ 18,000, Испани 16,000, Франц 13,000, Их Британи 9,000 орчим эндэгдэлтэй удаалж байна.
АНУ нийтдээ 480,000 орчим батлагдсан халдварын тохиолдолтой байгаа нь дэлхийн бүх улс орнуудаас хамгийн муу үзүүлэлт болжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөл хорионы дэглэмийг цуцалж, эдийн засгаа идэвхжүүлж эхлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаагаа Баасан гарагт мэдэгдсэн байна. Хэдийгээр тус улсад шинэ коронавирусийн тархалт саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн ч хорио цээрийн дэглэмийг цуцлахад хэтэрхий эрт байгааг анхааруулсан байна.
Европ тивд коронавирус хамгийн эрчимтэй тархаж байгаа нэг улс нь Их Британи болоод байна. Европын цар тахлын хамгийн том голомт Итали улсад гуравдугаар сарын 27-ны өдөр 969 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Баасан гарагт тус улсад 980 хүн халдвараар нас барсан нь Итали улсын оргил үеийн эндэгдлийн тоог давсан үзүүлэлт болжээ. Тэр үеэс хойш Италид эндэгдлийн тоо өдрөөс өдрөрт буурч байгаа.
Баасан гарагт тус улсад 570 эндэгдэл бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 610-аас буурсан үзүүлэлт болжээ. Их Британид өнөөдрийн байдлаар нийт 74,000 халдварын тохиолдол бүртгэгдэж, 9,000 орчим хүн амиа алдаад байна.
Баасан гарагийн шөнө дундаас эхлэн Турк улсын нийт 31 хотод 48 цаг үргэлжлэх хөл хорио тогтоосон нь коронавирусийн тархалтыг сааруулах зорилготой арга хэмжээ байлаа. Тус улсад сүүлийн байдлаар 47,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,000 гаруй хүн нас бараад байна.
Баасан гарагт Вьетнамын шүүхээс амны хаалт зүүхийг эсэргүүцсэн эрэгтэйд есөн сар шоронд хорих шийтгэл оноожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.