"Экологийн цаг" Тосон бумба дахь нөхөн сэргээлтийг СУРВАЛЖИЛЖ байна
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн баг Тост, тосон бумбын нуруунд ажиллаж байна.
"Экологийн цаг" нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Х.Мандахбаяр энэ талаар "Нөхөн сэргээлтийг шаардах цаг ирлээ. Нутгийн иргэдтэйгээ уулзаж, тэмцлийн дараагийн үе шатыг эхлүүлнэ. Хууль зөрчиж лиценз нь цуцлагдсан “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшиж байсан талбай дээр очиж сурвалжилга бэлтгэнэ. Тус компани улсаас их хэмжээний нөхөн төлбөр авах гэж байгаа гэх цуу яриа орон нутагт гарчээ. Тийм эрх зүйн боломж байхгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар нөхөн төлбөрийн асуудал, эсвэл буцааж нээх тухай асуудал ярих гэж байгаа бол эрс хатуу тэмцэнэ. Хаалгах гэж тэмцэж байснаасаа ч илүү тэмцэх болно. Энэ компани нөхөн төлбөр авах биш, бид тэднийг шаардаж байгалиа нөхөн сэргээлгэх ёстой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй юм. Байгаль эхээ хамгаалахын төлөө нэгдэцгээе" гэлээ.
Өнгөрсөн онд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Уугуул” хөдөлгөөн, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ хамтран Тостын нурууг хамгаалах асуудлыг хөндөн, олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, бодит байдлыг ил болгосноор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр Тост, Тосон бумбын нуруунд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын лицензийг цуцалж, бүтнээр улсын хамгаалалтад авах шийдвэр гаргасан юм.
Олон жил Тост, Тосон бумбын нуруунд хууль зайдлан тоос татуулсан “Сауд гоби коал транс” компанийн үнэн мөнийг эрүүл сэтгүүл зүй, эгэл жирийн иргэд Монгол Улсын төрд харуулсан энэ үйл явдлыг олон нийтэд дэлгэн харуулахад ТВ8 телевизийн "Байгаль эх, хариуцлагатай уул уурхай" болон "Экологийн цаг" нэвтрүүлэг томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.
Тиймээс ч энэ удаа лиценз нь цуцлагдсан “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшиж байсан талбайгаас "Экологийн цаг" бодит байдлыг сурвалжлан хүргэх гэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.