ДЭМБ: Хүмүүс зайнаас харилцах хэв маягийг мөрдлөг болгох шаардлагатай

ДЭМБ-аас коронавирусний халдварын нөхцөл байдлыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориог цуцлах, сулруулах нь өвчлөлийг дахин сэргэхэд хүргэж болзошгүй тул үе шаттай аажмаар сулруулах нь зүйтэй. Цаашдаа халдварын эсрэг вакцин болон үр дүнтэй эмчилгээний технологи бий болоогүй цагт хүмүүс хоорондоо зайтай байж, зайнаас харилцах хэв маягаа өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох шаардлагатай гэж анхааруулжээ.
Дэлхийн улс орнууд коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн мэдээллийн үеэр танилцууллаа.
Япон улсад өчигдөр 390 тохиолдол, 20 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Халдварын тархалт өндөр байгаа 10 гаруй улсын иргэд болон тэдгээр улсад зорчсон түүхтэй гадаад иргэдийг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байхаар нэмж хориг тавих шийдвэр гаргажээ. Хоригт ОХУ, Беларусь, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байна.
Сингапур улсад мягмар гарагт 1111 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 3 хоногийн хугацаанд халдварын 3000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Гадаадын цагаач ажилчдын дотуур байруудад халдвар голомтлон бий болсноос тархалт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан тус улс сургууль, цэцэрлэг, ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоож,, гэрээсээ гарахгүй байх хөл хорионы арга хэмжээг 6 дугаар сарын 1-нийг хүртэл сунгах болсон талаар тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Халдвар анх дэгдэж эхэлж байх үед тус улс тархалтыг хязгаарлаж, хяналтдаа авч чадсан амжилтаараа дэлхийн бусад улсад жишиг болж байсан ч харамсалтай нь халдварын хоёр дахь давалгаа гарч халдвартай хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар тус улсад нийт 9 000 гаруй хүн халдварласнаас тэдгээрийн дийлэнх нь цагаач ажилчдын байруудад гарсан байна.
Тус улсын шинэ халдваруудын тархвар зүйн судалгаагаар гадаадын нэг цагаач ажилчин хоёрдугаар сард анх халдварласан бөгөөд түүнтэй ойр байсан 19 хүнд шинжилгээ хийсэн боловч бусад дотуур байранд үргэлжлүүлэн шинжилгээ хийх явц удаан байснаас халдвар тархах нөхцөл бүрдсэн гэж үзжээ.
Цагаач ажилчдын нийт 43 дотуур байр байгаагийн талаас илүү хувьд халдвар голомтлон гарсан тул 18 байр болон хүмүүсийг бүрэн тусгаарлажээ.
Өнөөдрийн байдлаар манай бүсийн 22 улс, нутаг дэвсгэрт халдвар гарсан бөгөөд “COVID-19”-өөр 130 мянга гаруй хүн өвчилж, 5 600 гаруй хүн эндсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.