Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдаанд танилцуулав.

С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэнс хуралдаанд оруулахаар тогтов. Мөн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхөөр болов.

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан тус тус байгуулж ажиллуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.