НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас сонгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 9 гишүүний боловсруулсан уг төсөл нь өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг нийцүүлэх зорилготой. Хуулийн төслийг боловсруулахдаа иргэдэд хамгийн ойрын нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийг гол зарчим болгосон гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. Ингэхдээ сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиг үүрэгтэй нэгж байхаар тусгасныг дурдав.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг төсөлд шинээр зохицуулжээ. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байх, харин иргэдээс саналыг нь авах ажлыг ИТХ зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг УИХ тогтоох юм байна. Түүнчлэн нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох болон үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ.
ИТХ-ыг улс төрөөс ангид байлгах зорилгоор намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын баг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулж өгчээ. Түүнчлэн аймаг, сум, дүүргийн ИТХ-ыг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин НИТХ-ыг дүүргийн ИТХ-аас сонгож байгуулахаар тогтоосон байна.
Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгаж, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулжээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрд нэр заан батлах зарчмыг баталгаажуулж тусгасныг төсөл санаачлагч онцоллоо.
Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.