Чингэлтэй дүүрэг рүү орох, гарах хөдөлгөөнийг БҮРЭН ХЯЗГААРЛАНА

Ковид-19 халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 04-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлэх тухай” А/285 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2020 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтооно.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тавдугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлана.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хөл хорио тогтоох хугацаанд ажлын цагийн горимдоо зохицуулалт хийж ажиллана уу. Төр засгийн бодлого, шийдвэрийг биелүүлж, гамшгаас хамгаалах талаарх иргэний үүргээ биелүүлэхийг дүүргийн нийт иргэдэд уриалж байна.
Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар дараах мэдээллийг өглөө.
-Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа.
-Хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд ямар утсаар холбогдож, зөвлөгөө тусламж авах вэ?
-101, 102, 103, 105 дугаарын утсанд хандаж шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно.
-Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэг рүү нийтийн тээвэр оруулах уу. Чиглэлүүдийг өөрчлөх үү?
-Дээрх хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй. Нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрч, үйлчилгээнд явна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.