АНУ-д хоригдож байгаа шүүгч С.Төмөрбатыг шүүх хурал тавдугаар сард болно
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-руу зугтан гарсан. Түүнийг “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, тус улсаас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл өнгөрсөн долдугаар сард гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байсан юм. Манай улс болон АНУ-ын хууль, хяналтын байгууллагын хооронд ялтан солилцох ямар нэгэн гэрээ хэлэлцээр байдаггүй аж.
Иймээс өнгөрсөн намар Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дагалдан явж, С.Төмөрбатыг саатуулахаар тус улсын хуулийн байгууллагаас тусламж хүссэн гэдэг. Энэ хүсэлтийн дагуу АНУ-ын хуулийн байгууллага шүүгч С.Төмөрбатыг түр оршин сууж байсан орон сууцнаас нь баривчилсан гэдэг мэдээлэл гарсан ч мөн л батлагдаагүй. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Төмөрбатыг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаныхан баривчилсан бөгөөд цагдан хорьж байгаа нь үнэн гэнэ. Түүнчлэн түүний шүүх хурал ирэх тавдугаар сарын 7-нд болох тов гарчээ.
Ташрамд дурдахад, С.Төмөрбат нь Монгол Улсын Гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан. “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй” хэмээн гэрээслэл үлдээсэн гэгддэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Э.ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.