АНУ ПДХЦ-ыг байрлуулах талаар Японтой үргэлжлүүлэн хэлэлцэнэ
АНУ “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолбороо /ПДХЦ/ Японы нутаг дэвсгэрт байрлуулах асуудлаар тус улстай үргэлжлүүлэн зөвлөлдөнө гэж Пентагоны тэргүүний Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын үүрэг гүйцэтгэгч Дэвид Хелви мэдэгджээ.
“Одоо бид асуудлын мөн чанарыг ойлгох, хөгжлийн зөв замыг тодорхойлохын тулд Японы түншүүдтэй техникийн асуудлыг хэлэлцэхэд анхаарлаа хандуулж байна. Японы Засгийн газар техникийн асуудлаас гаднаас зардал багатай шийдлийг олохын тулд төлөвлөгөөгөө эргэж харсан гэж бид ойлгож байна” гэж тэрбээр хэлснийг “NHK” телевиз иш татан уламжилсан байна.
Пентагоны төлөөлөгч мөн “Aegis Ashore” цогцолборыг байрлуулах нь Вашингтон, Токиогийн стратегийн холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ Японы ард түмэнд ашиг тусаа өгнө гэдгийг тэмдэглэжээ.
Америкийн цогцолборыг байрлуулахаа түр зогсоож буйг Японы Батлан хамгаалахын сайд Коно Таро даваа гарагт мэдэгдсэн юм. Түүний мэдэгдсэнээр, “Aegis Ashore” төслийг зогсоох шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо зургадугаар сарын 12-нд баталсан байна.
АНУ-ын засаг захиргаа “Aegis Ashore” загварын хоёр цогцолборыг Японд худалдах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн байжээ. Тэдгээрийг Японы гол арал болох Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужид болон Акита мужийн хойд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байсан байна. Японы эрх баригчид уг цогцолборуудыг ирж болзошгүй баллистик пуужингийн довтолгооноос нутаг дэвсгэрээ бүхэлд нь хамгаалах зориулалтаар газар нутагтаа байрлуулахаар төлөвлөж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.