“Facebook” өнгөт арьст ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлнэ
Америкийн “Facebook” корпораци ойрын 5 жилийн хугацаанд удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст ажилтнуудынхаа эзлэх хувийг 30 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн өнгөт арьст иргэдийг дэмжих өөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх гэж байгаагаа компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Бид 2023 оны эцэс гэхэд ажилтнуудынхаа 50 хувийг цөөнхийн төлөөллөөс бүрдүүлсэн байх бөгөөд энэ хугацаанд өнгөт арьст болон латин америк ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн ойрын 5 жилийн хугацаанд удирдах албан тушаалд ажилладаг өнгөт арьстнуудын тоог 30 хувиар нэмэгдүүлэхээс гадна тус албан тушаалыг эрхэлдэг эмэгтэй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлсээр байх болно” гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.
Өнгөт арьст урлаг соёлын зүтгэлтнүүд хийгээд африк гаралтай америк иргэдийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнес эрхлэгчид, ашгийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зориулж энэ онд 100 сая ам.доллар зарцуулахаа компани мэдэгджээ. Түүнчлэн “Facebook” нийгмийн сүлжээнд “Lift Black Voices” буюу “Өнгөт арьстнуудын дуу хоолойг илүү чанга хүргэе” хэмээх нэртэй тусгай хуудас гаргаж, тэндээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх тухай мэдээллийг оруулахаас гадна өнгөт арьст иргэдийн төлөөлөл болсон хүмүүс өөрсдийн түүхээсээ хуваалцах аж.
Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа нас барсан хэрэг 5 дугаар сарын 25-нд гарсан юм. Энэ хэргийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаа нарыг дур зоргоороо аашлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан АНУ даяар өрнөж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.