АНУ-д халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ
Баасан гаргийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 45242 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж "Reuters" агентлаг өөрийн хийсэн тооцооллоос иш татан мэдээлэв.
Тус агентлагийн тооцоолсноор, АНУ-д халдвар авсан хүний 2.47 сая давжээ. Энэ долоо хоногт Айдахо, Алабама, Аризона, Вайоминг, Жоржиа, Калифорни, Миссисипи, Миссури, Невада, Оклахома, Теннесси, Техас, Флорида муж улсуудад халдвар маш хурдацтай тархсан байна. Эдгээр муж улсын заримд нь өмнө нь нэвтрүүлсэн ариун цэврийн арга хэмжээг хэсэгчлэн цуцалсны дараа халдварын тоо огцом өсжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс баасан гарагт мэдэгдэхдээ, тус улсын 16 муж улсад коронавирусний шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, 34-т нь халдварын тархалтын байдал тогтворжсон гэжээ. Тэрбээр эдгээр 16 муж улсад эрх баригчид ихээхэн анхаарал хандуулж байгааг хэлсэн байна. Пенсийн хэлснээр, Аризона, Техас, Флорида зэрэг муж улсуудад байдал илүү хүнд байгаа аж. Үүний зэрэгцээ тэрбээр Америкийн эрх баригчид коронавирустэй хийж буй тэмцэлд "үнэхээр гайхалтай ахиц дэвшил гаргасан" гэдгийг онцолсон байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д “COVID-19”-өөр нас барсан хүний тоо 125 мянга давжээ. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д 2 467 510 хүн коронавирусээр халдварлаж, 663 мянга гаруй хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.