ДХБ Япон-БНСУ-ын маргааныг зохицуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцжээ
Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ Япон БНСУ руу экспортолдог аж үйлдвэрийн материалуудын хяналтаа чангатгасныг судлах ажлын хэсэг байгуулах эсэх талаар хэлэлцжээ.
ДХБ-ын гишүүд Сөүлийн засаг захиргаанаас энэ сарын эхээр гаргасан хүсэлтийн дагуу даваа гарагт ийнхүү хэлэлцсэн байна.
Япон өнгөрсөн оны долдугаар сард БНСУ руу экспортолдог гурван материалын хяналтыг чангатгасантай холбоотойгоор хоёр орны Засгийн газрын дунд маргаан өрнөж эхэлжээ. Тэдгээр материалыг хагас дамжуулагч гэх мэт өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд ашигладаг юм.
БНСУ-ын Засгийн газар Японы шийдвэрийг олон улсын худалдааны дүрэм журмыг зөрчсөн хэмээн үзэж байгаа ажээ. Харин Япон Засгийн газрын хувьд маргаан зохицуулах ажлын хэсэг байгуулахын эсрэг байр суурьтай байна.
“Материалуудыг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ДХБ-ын гишүүний хувьд ийм алхмыг хийх боломжтой” гэж Японы Засгийн газар мэдэгджээ.
Мөн цэргийн бус зориулалтаар ашиглах тохиолдолд экспортлохыг зөвшөөрсөн гэж Японы тал мэдэгдээд, уг маргааныг яриа хэлэлцээний шугамаар шийдэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Даваа гарагт ажлын хэсгийг байгуулаагүй хэдий ч ДХБ-ын гишүүд ирэх долдугаар сард болох уулзалтаар уг хүсэлтийг хүлээн авах төлөвтэй байна. ДХБ-ын дүрмийн дагуу гишүүд санал нэгтэйгээр эсэргүүцээгүй тохиолдолд ажлын хэсгийг байгуулдаг юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.