БНАСАУ БНХАУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгажээ
БНАСАУ-ын эрх баригчид БНХАУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгаж, хил рүү нэг километрийн зайд ойртсон ямар ч хүнийг буудах эрхийг цэргүүдэд өгчээ. Энэхүү арга хэмжээ нь улс оронд шинэ коронавирусний халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн гэж “RFA” радио БНАСАУ-ын Хамгён-Пукто муж дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.
Тус радиогоор мэдээлж буйгаар, Хамгён-Пукто мужийн Хверён хотын цагдаа нар Нийгмийн аюулгүй байдлын яамны нэрийн өмнөөс анхааруулга гаргажээ. "Коронавирус БНАСАУ-аас бусад бүх газар нутагт тархсан бөгөөд дайснууд хил давуулан манай улсад оруулахыг оролдож байна" гэж уг анхааруулгад дурдсан байна. “RFA” радиостанцаар мэдээлснээр, тусгай арга хэмжээг Хятадтай залгаа 1400 гаруй км урт хилийн бүсийн дагуу хэрэгжүүлж байгаа аж. Эдгээр бүс нутагт цэргүүдэд байлдааны зэвсэг тараасан радиогийн өөр нэг эх сурвалж мэдээлжээ.
Амноккан /Ялузян/ голын эргийн дагуу хөрш БНХАУ-тай залгаа БНАСАУ-ын хил маш сул хамгаалалттай учир дүрвэгсэд болон хууль бусаар хил давуулагчид олон жилийн турш ашигласаар иржээ. Цар тахал дэгдсэний дараа нэгдүгээр сард БНАСАУ хилээ хаасан билээ. Солонгосын Ардын армийн тусгай хүчний ангиудыг хилчдэд туслуулахаар илгээсэн гэж гадаадын хэд хэдэн хэвлэлээр мэдээлж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.