Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон 78761 тохиолдол бүртгэгдлээ
Энэтхэгт ням гарагт коронавирусний халдварын тохиолдлын тоо дэлхийн аль ч улс оронд өдөрт бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгджээ.
Энэтхэгт халдварын 78761 тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-д өнгөрсөн долоодугаар сарын 16-нд бүртгэгдсэн үзүүлэлтийг /77299/ давжээ. Энэтхэгт ням гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 948-аар нэмэгдэж, 63498-д хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Дэлхийд хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг Энэтхэгт 3.54 сая хүн халдвар авсан нь АНУ, Бразилын араас гуравдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Гэвч Энэтхэгт сүүлийн хоёр долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо тус хоёр улсынхыг давах болжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди халдварын тохиолдлын тоог нэмэгдэж буйг үл харгалзан эдийн засагт үзүүлэх цар тахлын нөлөөг бууруулахын тулд хэвийн байдалдаа эргэн орохыг дэмжиж байгаа ажээ.
Мөн Дотоод хэргийн яам 20 сая орчим оршин суугчтай Шинэ Дели хотод газар доогуурх галт тэрэгний үйлчилгээг зарим хязгаарлалттайгаар сэргээх шийдвэрийг гаргажээ. Метро өнгөрсөн гуравдугаар сард орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш анх удаа буюу ирэх есдүгээр сарын 7-ноос үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Харин кинотеатр, бассейн, энтертайнмент хүрээлэн зэрэг үйлчилгээний газруудын хувьд хаалттай хэвээр байна. Энэтхэгт дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн хатуу хөл хориог тогтоосон бөгөөд үүний улмаас маш олон хүн ажилгүй болсноос гадна эдийн засгийн уналтад ороход нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.