Харри, Меган нарын хүүд ханхүү цол олгоогүй шалтгааныг хэлжээ.

Харри, Меган нарын хүүд ханхүү цол олгоогүй шалтгааныг хэлжээ.

Сассексийн гүнгийн хатан Меган Опра Уинфригийн ярилцлагын шоунд орохдоо хааны гэр бүл түүний хүү Арчигийн арьс хэр зэрэг бараан өнгөтэй байх талаар ярьж байсан тухай хэлжээ. Меган болон түүний нөхөр ханхүү Харри нар хааны гэр бүлийн гишүүдийн албан ёсны үүргээс татгалзаж, Их Британиас явснаас хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. 

Харри, Меган Маркл нартай хоёр цаг хийсэн Опрагийн ярилцлага Америкийн CBS сувгаар ням гарагийн  орой цацагджээ. Нэвтрүүлгийн үеэр ханхүү Харри удахгүй охинтой болох гэж байгаагаа дуулгасан байна. 

Меганыг хүү Арчигаа хэвлийдээ тээж байх үед нь "хүүд нь ханхүүгийн цол олгохгүй тул хааны гэр бүлийн бусад гишүүд шиг хамгаалалтад авахгүй" гэж хэлсэн тухай ярьжээ. Энэ нь уламжлалыг эвдсэн маш бүдүүлэг явдал гэж Меган хэлсэн байна. 

"Тэдэнд тэгэх эрх байхгүй шүү дээ. Намайг бие давхар байхад Арчигийн хувьд ёс уламжлалаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Сонирхолтой нь яагаад гээч? Бидний хүүгийн аюулгүй байдлыг хангахгүй байх, бусад ач зээ нартай нь ижил цол хэргэм олгохгүй гэдэг нь угтаа энэ гэр бүлийн анхны цагаан биш арьстай гишүүн болж байгаатай холбоотой юм" гэжээ.

Хааны гэр бүлээс Харригийн хүү Арчид ханхүү цол олгоогүй аж. Хааны ордноос ханхүү Уиллиамын хүүхдүүд хаан ширээ залгамжлагчид учраас ханхүү, гүнж цол олгосон гэж тайлбарлажээ. 2019 онд Арчиг төрөхөд Меган, Харри нарыг өөрсдийн шийдвэрээр хүүгийнхээ "ханхүү" цолоос татгалзсан гэж бичиж байсан ч үнэн хэрэгтээ энэ нь тэдний шийдвэр биш байсныг Меган ярьсан байна.

Опра "Та юу гэж бодож байна вэ? Энэ нь арьс өнгөөр ялгаварлах үзлээс болсон уу?" гэж асуухад Меган "Намайг бие давхар байх тэр хугацаанд хүүг маань хамгаалж, цол хэргэм өгөхгүй гэдэг яриа явж байсан. Тэр ч бүү хэл төрөхөөс нь өмнө арьс нь хэр зэрэг бараан байх бол гэсэн яриа ч гарч байлаа" гэжээ. Опра хэн ийм зүйл ярьсан талаар лавлан асуухад Меган хариулаагүй байна. Дахин асуухад Меган "Энэ талаар хэд хэдэн яриа гарсан. Харри надад хэлсэн юм. Энэ бол Харригийн гэр бүлийнхэн нь түүнтэй ярьсан яриа" гэжээ. Уг ярилцлагад ханхүү Харри нэгдэн орж ирсний дараа Опра түүнд дахин энэ асуултыг тавихад "Би энэ талаар хэзээ ч ярихгүй. Тухайн үед надад үнэхээр эвгүй байсан. Би бага зэрэг цочирдсон" гэж Харри хэлжээ.

ХАРРИ ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ ГОМДСОН ГЭЖЭЭ

Түүнчлэн Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Меганы арьсны өнгөний талаар бичиж байсныг хааны гэр бүл огт шүүмжлээгүй нь Харриг хамгийн ихээр гомдоосон гэв. Сэтгүүлчдийн нийтлэлүүдийг парламентын 70 гаруй гишүүн буруутган шүүмжилж байхад "Гэр бүлийн гишүүдээс минь энэ гурван жилийн хугацаанд хэн нь ч юу ч хэлээгүй нь сэтгэлийг минь өвтгөсөн" гэжээ.

Их Британид энэхүү ярилцлага гарсан даруйд олны шүүмжлэлд өртсөн байна. Зарим хэвлэлээр 1995 онд гарсан Диана гүнжийн ярилцлагатай зүйрлэжээ. 26 жилийн өмнө Харригийн ээж Диана гүнж мөн л хааны гэр бүлийн тэвчиж боломгүй нөхцөл байдлын талаар ярьж байсан аж.  

Зарим нь тэднийг удаан хугацаанд дуугүй байсны эцэст энэ бүхнийг ярьж  сэтгэл санаа нь хөнгөрсөн байх гэсэн бол зарим нь Харриг төрсөн гэр лүүгээ гар бөмбөг шидсэнээс ялгаагүй үйлдэл боллоо хэмээн шүүмжилсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.