Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд бид COVID-ийн дараа тэдний эрх, сонголтыг бэхжүүлэх ёстой
НҮБ-ын Хүн амын сан, Ази, Номхон далайн бүсийн захирал Бёорн Андерсон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, "Нэг жилийн өмнө КОВИД 19 цар тахал дэлхий дахнид тархаж эхлэх тэр үед НҮБХАС-ынхан бид охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрх, аж амьдралд тохиолдож болох авюултай үр дагаваруудын талаар анхааруулж байсан билээ. Охид эмэгтэйчүүдэд тохиолдож болох хамгийн ноцтой эрсдэлүүд буюу хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлт, аюултай төрөлт, жендэрт суурилсан хүчирхийлэл, хүүхдийн гэрлэлт, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зэрэг хор хөнөөлтэй зан үйлийн гаралт огцом нэмэгдэж, ингэснээр сүүлийн хэдэн арван жилд эмэгтэйчүүд, охидын амьдралыг сайжруулахын төлөө хийж буй ажилд гарсан ололт амжилтуудыг устгах аюултай.
Харамсалтай нь бидний энэхүү таамаглал, Ази, Номхон далайн бүс нутгийн болон дэлхийн хэд хэдэн оронд бодитоор өрнөөд байна. COVID-19-ийн хямрал нь эрүүл мэндийн үйлчилгээнд хүчтэй нөлөөлж, цар тахлын хөл хорио болон бусад хязгаарлалтууд, эдийн засгийн хямрал зэрэг нь бидний өмнө нь хүрсэн ахиц дэвшлийг үгүй хийхэд хүрч байх бий гэж эмээж байна. 2021 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бид эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн манлайлалд, жендэрийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хөрөнгө оруулах нь хэзээ хэзээнээс илүү чухал болж байгааг сануулмаар байна. Энэ нь дэлхийн улс орнууд Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ) -ыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн маш чухал амлалт юм. Үүнийг хэрэгжүүлж дуусахад арав хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Бидэнд тулгарч буй хамтын бэрхшээл бол алдсан байр сууриа эргүүлэн олж авах явдал болоод байна.
Хэдийгээр COVID-19-ийн улмаас хямрал нүүрэлсэн ч энэхүү хямралын эсрэг хариу арга хэмжээ авах, хор хөнөөлийг бууруулах чиглэлд эмэгтэйчүүд эрч хүчтэй, урам зоригтой манлайлалыг үзүүлсээр байгааг бид харж байна. Кабита Бхандари шиг гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэгчид алс холын Балбын алслагдсан хязгааруудаар аялж, цар тахлын хорио цээрийн дунд хөдөө орон нутгийн заставуудаар явж, нэн чухал мэдээллийг дамжуулж, жирэмслэхээс хамгаалах эм тарааж, эмэгтэйчүүд, хосуудад сонголт хийх боломжийг олгож байна. Бангладешийн Анжуман Хоссейн шиг нийгэм сэтгэлзүйн болон эрүүл мэндийн олон зөвлөхүүд Кокс Базар дахь өргөн хүрээтэй дүрвэгсдийн хуаран дахь Рохинжа эмэгтэйчүүдийг цар тахлын дунд илүү их хэрэгцээтэй байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдад зориулсан үйлчилгээг үзүүлсээр байна.
Ираны Нилуфар Гассеми шиг олон эх баригч эмч нар, хувийн хамгаалах хэрэгслийн хомстол болон бусад бэрхшээлтэй холбоотой асуудлыг шийдэж, энэ ертөнцөд шинэ амь амьдрал авчрах чухал цэг дээр ажиллаж байна. Эдгээр болон бусад жишээнүүд нь эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхийн тулд бид үнэнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх ёстойг нотолж байна. Эмэгтэйчүүдийн манлайлах чадварыг дээшлүүлэх, тэдний чадавхыг бүрэн утгаар нь хөгжүүлэхийн тулд, эмэгтэйчүүд эхлээд өөрсдийн амьдрал, бие мах бодийг бүрэн хариуцах чадвартай байх ёстой. Энэ нь 1994 оны Хүн ам ба хөгжил олон улсын бага хурлаас гарсан үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрх, сонголт хэрэгжүүлэх боломжтой байхыг зааж өгч байгаа юм.
Хүн ам ба хөгжлийн талаарх Каир-ийн тунхаглалд, 179 орон анх удаа хүний хөгжил, хувь хүний сонголт тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж санал нэгтэй тунхагласан билээ. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхэд онцгой анхаарал хандуулж, эмэгтэйчүүд, охид өөрсдийн амьдралаа чөлөөтэй тодорхойлох ёстой ба үүнд хэзээ гэрлэх, эсвэл хүүхэдтэй болох, хэнтэй хамт амьдрахаа шийдэх эрхтэй гэдгийг онцолсон. Үйл ажиллагааны хөтөлбөрт засгийн газрууд болон иргэний нийгмийн түншүүдээс өгсөн амлалтыг 2019 оны 11-р сард болсон Хүн ам ба хөгжил олон улсын бага хурлын 25 жилийн ойд зориулсан Найробигийн дээд хэмжээний уулзалтын үеэр улам бататгасан. ТХ-ын 3 дугаар зорилт буюу Эрүүл мэнд, аж байдлыг дээшлүүлэх, ТХ-ын 5 дахь зорилт буюу Жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд ХАХОУБХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой.
Хүн ам ба хөгжлийн тунхаглалд эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх гэдгийг онцлон тэмдэглээд зогсохгүй эрүүл мэнд, хүний эрхийн харилцан уялдааг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Каир хотод болсон хурлаас хойш олон жилийн хугацаанд хүний эрхийн талаарх бусад тогтоол, шийдвэрүүд нь энэхүү харилцан уялдаан дээр суурилсан болно. Ингэснээр засгийн газруудын зүгээс эх баригч эмч нарыг чадваржуулан, эх барих болон бусад шаардлагатай үйлчилгээгээр дамжуулан эхийн эндэгдлийг бууруулахад илүү их хөрөнгө оруулалт хийхэд хүргэсэн юм. Түүнчлэн жирэмслэхээс хамгаалах хэрэгсэлтэй болох, гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилготой. Мөн улс орнууд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахын тулд нотолгоонд суурилсан тоо мэдээлэл дээр тулгуурлан хууль тогтоомж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах болсон.
Гэсэн хэдий ч 2021 оны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр урьд өмнө тохиолдож байгаагүй хатуу ширүүн бодит байдалтай тулгараад байгаа, цар тахал нь хэдхэн сарын хугацаанд ICPD-Хүн ам хөгжлийн тунхаглал болон SDG-Тогтвортой хөгжлийн бодлогууд уруу чиглэсэн олон жилийн ахиц дэвшлийг хурдацтай доройтуулж, эмэгтэйчүүд, охид тэр бүх ачааг үүрэхэд хүргэж байна. Эх, нярайн эндэгдэл, хүсээгүй жирэмслэлт, жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдсэн нь цар тахлын нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгааг харуулж байна. Засгийн газар эдгээр асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх бодлогыг яаралтай хянан үзэж, хөрөнгө оруулалт хийж, шийдвэрлэх ёстой бөгөөд цаасан дээрх хууль тогтоомжийг бодит амьдралд бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ёстой.
Кабита, Анжуман, Нилуфар нарын түүхэд дурдсанчлан бид цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа олж авсан сургамж, сайн туршлагыг бүрэн ашиглаж, хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. 2021 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр бүх нийтийг уриалж байна. Бид COVID-19 цар тахлын нөхцөлд охид эмэгтэйчүүдээс хулгайлан авсан ахиц дэвшлийг яаралтай буцаан өгөх хэрэгтэй болоод байна. Бид жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн тэгш бус байдлыг хэзээ ч, хаана ч харах, сонсох бүрдээ эсэргүүцэж, энэхүү тэмцэлд бүх нийтийг уриалан дуудаж, хамтран тэмцэх арга замыг сонгох ёстой билээ.
Ингэхдээ бид эмэгтэй хүний - өөрийн амьдралыг чөлөөтэй удирдаж, бусдыг манлайлах, дэмжих чадварыг бий болгоход анхаарч, жендэрийн жинхэнэ тэгш байдал, хүний эрхийг ханган хэнийг ч орхихгүй байхыг зорихыг дэлхий нийтэд зөвлөж байна" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.