Иордан голын Баруун эрэг Израилд эзлэгдсэн гэж үзэж байна.
ВАШИНГТОН. /TASS/. Израил улс 1967 оны дайны үеэр Газын зурвас, Иордан голын Баруун эрэг, Зүүн Иерусалимыг эзэлсэн нь түүхэн баримт гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байна.
Энэ тухай тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс сэтгүүлчдэд зориулсан ээлжит мэдээллийн үеэр Палестин-Израилын мөргөлдөөний талаарх Америкийн одоогийн эрх баригчдын байр суурь өмнөх засаг захиргаанаас юугаараа ялгаатай вэ гэсэн асуултад хариулахдаа мэдэгджээ.
“Энэ бол түүхэн асуудал. 1967 оны дайны үеэр Израил Баруун эрэг, Газы зурвас, Зүүн Иерусалимыг эзлэн авсныг үгүйсгэх аргагүй. Бидний байр суурь бол хоёр улсын шийдэл юм” гэж тэрбээр хэлсэн байна.
“Бидний зорилт бол Израил улсыг Палестинтай энх тайвнаар зэрэгцэн оршуулахад чиглэх хоёр улсын шийдэл юм. Энэ нь зөвхөн бидний үнэт зүйл, ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутгийн бусад орны үнэ цэн, эрх ашигт нийцнэ. Бид Палестины ард түмэн, удирдлагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол бидний тэргүүлэх чиглэл юм" гэж Прайс үргэлжлүүлэн хэлжээ.
Дональд Трампыг Ерөнхийлөгч байх үед Вашингтон Иерусалимыг Израилын нийслэлээр, мөн Сирийн Голаны өндөрлөгийг Израилын нутаг гэж хүлээн зөвшөөрч, Иордан голын Баруун эрэгт еврейчүүдийн суурин барих ажлыг олон улсын хуулийг зөрчсөн гэж үзэхээ больсон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.