Мьянмарт жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 70 хүрчээ.
Мьянмарт цэргийнхэн засгийн эрхийг авснаас хойш өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 70-д хүрлээ гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Томас Эндрюс пүрэв гарагт мэдээлэв.
“Өнөөдрийн байдлаар ирсэн баттай мэдээллээр Мьянмарын аюулаас хамгаалах хүчин 70 хүний аминд хүрсэн байна” гэж Т.Эндрюс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
“Мөн цэргийнхэн өдөр бүр олон арван хүнийг, зарим үед олон зуун хүнийг баривчилж байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш баривчлагдан саатуулагдсан хүний тоо 2000 давж, тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байна” гэж тэрбээр мэдээлсэн байна.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мьянмарын эсрэг үр дүнтэй хориг арга хэмжээнүүдийг авахад олон улсын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой байгааг онцлон тэмдэглээд, цэргийн дэглэмийг хууль ёсны Засгийн газар мэт дэмжихгүй байхыг улс орнуудаас хүсжээ.
АНУ Мьянмарын эсрэг нэг талт хориг арга хэмжээг аваад байгаа бол БНХАУ, ОХУ-ын хувьд цэргийн эргэлтийг Мьянмарын дотоод хэрэг хэмээн үзэж байгаа ажээ.
“Мьянмарын ард түмэнд дэмжсэн үг бус дэмжсэн алхам хэрэгтэй байна. Тэдэнд олон улсын туслалцаа дэмжлэг яг одоо хэрэгтэй байна” гэж Т.Эндрюс мэдэгджээ.
Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт хийж, Аун Сан Су Чигийн тэргүүлсэн, ардчилсан сонгуулиар сонгогдсон Засгийн газрыг түлхэн унагааж, Су Чи тэргүүтэй Засгийн газрын олон төлөөлөгчийг баривчилсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.