Арменид үүссэн улс төрийн хямралыг шийдэж чадсангүй.
Арменийн улс төрийн байдал хоёр дахь долоо хоногтоо түгшүүртэй хэвээр байна. Тус улсын Ерөнхийлөгч Армен Саркисяны санал болгосны дагуу улс төрийн хүчнүүд хямралаас гарах арга замын талаар хэлэлцэх уулзалтад оролцох эсэхээ пүрэв гарагт 18:00 цагаас өмнө шийдэх ёстой байв. Уулзалт гуравдугаар сарын 13-нд товлогджээ.
Уулзалтын талаар Арменийн одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгчид янз бүрийн байр суурьтай байна. Парламентад суудалтай "Соён гэгээрсэн Армени" нам Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн бусад хүчинтэй бямба гарагт уулзахад бэлэн гэдгээ мэдэгджээ. "Иргэдийн эв нэгдлийг сэргээж, хямралаас гарах арга замыг эрэлхийлэх аливаа хэлэлцүүлэгт оролцоход” бэлэн байна гэж намын дарга Эдмон Марукян мэдэгдсэн байна.
Сөрөг хүчний “Эх орноо аврах хөдөлгөөн” мөн Саркисянтай уулзахад бэлэн байгаа боловч зөвхөн Пашиняныг огцруулах асуудлыг хэлэлцэхийн тулд уулзана гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ уулзалтыг парламентын танхимд явуулж, шууд дамжуулах нөхцөл тавьжээ.
Тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга одоог хүртэл томилогдоогүй байгаа нь Ерөнхий сайд Никол Пашинян, Ерөнхийлөгч Армен Саркисян нарын хооронд зөрчилдөөн дагуулсаар байгаа юм.
Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ даргаар Артак Давтяныг томилох Пашиняны саналыг Арменийн Ерөнхийлөгч пүрэв гарагт дахин буцаажээ.
Арменийн цэргийнхэн өнгөрсөн сарын сүүлчээр Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардаж, харин Пашинян Зэвсэгт хүчнийг цэргийн эргэлт хийхийг оролдлоо гэж мэдэгдсэн. Улмаар тус улсад улс төрийн хямрал гүнзгийрч, Пашиняныг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал нийслэл Ераваны төвд болсон билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.