Өвөр Монголоос 60 мянган амны хаалт, 210 мянган юань хандивлалаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаан загалмай нийгэмлэг коронавирусний халдвартай тэмцэхэд Монгол Улсад 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юаниар дэмжлэг үзүүллээ.
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба Монгол Улсын Соёлын яам, МУЗН, МСНЭ-д хандив өгөх арга хэмжээгээ өнөөдөр /2021.03.12/ цахимаар зохион байгууллаа.
Арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгчид, Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан, Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл, МСНЭ-ийнхэн оролцов.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгчид “Олон жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монголын Улс хамтран соёлын өдрүүдийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Хятад-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилсээр ирсэн. Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсан. Энэ удаад Монгол Улсын Соёлын яам болон МСНЭ-д тус бүр 30 мянган амны хаалт, 10 мянган бээлий, МУУЗН-т 210 мянган юань хандивлаж байна. Цар тахалтай тэмцэж буй энэ үед Хятад, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна” гэлээ.
МУЗН-ээс "Цар тахлын энэ үед хандив тусламж үзүүлж байгаа ӨМӨЗО-ны ард түмэнд гүн талархал илэрхийлье. Хоёр орны Улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгох болно" гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.