Алжирт парламентын сонгууль явуулах өдрийг товложээ.

Алжирт парламентын сонгууль явуулах өдрийг товложээ.

 Алжирын Ерөнхийлөгч Абельмажид Теббун парламентын сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 12-нд явуулахаар товлолоо гэж түүний ажлын албанаас пүрэв гарагт мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн сард парламентын доод танхимыг тарааж буйгаа мэдэгдсэн юм.

Сонгууль явуулах нь А.Теббуны амласан улс төрийн шинэчлэлтийн нэг хэсэг ажээ. Алжирт өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан өрнөсөнтэй холбогдуулан түүний өмнөх Ерөнхийлөгч, 20 орчим жилийн турш төрийн эрхийг барьсан Абдельазиз Бутефлика 2019 онд огцорсон юм.

Алжирчууд өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайд болон парламентад илүү их эрх мэдлийг өгөхийг тусгасан нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахыг дэмжжээ.

А.Бутефликагийн холбоотнууд 2017 оны тавдугаар сард болсон сонгуулиар парламентын доод танхимд олонхын суудал авсан байна. Харин 2019 оны 12 дугаар сард сонгогдсон А.Теббун эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд улс төр, эдийн засгийн шинэчлэлт хийхээ амласан юм.

Өнгөрсөн сард тэрбээр 2019 оны хоёрдугаар сараас өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд жагсаалын үеэр баривчлагдсан 59 хүнийг суллахыг үүрэг болгожээ. Гэвч Засгийн газар 2020 оны гуравдугаар сараас тогтоосон хөл хориог сулруулсны дараа буюу гурван долоо хоногийн өмнөөс эсэргүүцэгчид дахин жагсаж эхэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.