Мьянмарын мисс НУЛИМС ДУСЛУУЛАН тусламж хүслээ.

Мьянмарын мисс НУЛИМС ДУСЛУУЛАН тусламж хүслээ.

Тайландын нийслэл Бангкок хотод болж байгаа “Мiss Grand International” тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцож байгаа мисс Хан Лай олон улсад хандан тусламж хүслээ.

Янгоны их сургуулийн оюутан Хан Лай тайзан дээр үг хэлэх боломжоо ашиглан “Намайг энэ тайзан дээр гарсан өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн алагдлаа. Амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна” хэмээн нулимс дуслуулан хэлсэн юм.

Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцэж буй иргэдийг цэргийнхэн баривчлан хорьж байгаа билээ. Мьянмарын урлаг соёлын хэд хэдэн алдартан баривчлагдсан байна. Хилийн чанадад байгаа Мьянмарын иргэд ч цэргийн дэглэмийн харгислалыг эсэргүүцэж байгаа юм.

Мьянмарт өнгөрсөн бямба гарагт 44 хот, сууринд нэгэн зэрэг эсэргүүцлийн жагсаал болох үеэр хүчнийхэн 114 хүнийг хөнөөжээ. Амиа алдагсдын дунд хүүхдүүд ч байсан юм.

НҮБ-аас дээрх явдлын талаар “Өнгөрсөн бямба гараг Мьянмарт цэргийн эргэлтийн эсрэг жагсаал өрнөснөөс хойших хамгийн цуст өдөр боллоо” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.