Суэцийн суваг хаагдсанаас учирсан алдагдал нэг тэрбум орчим ам.долларт хүрнэ.
Суэцийн суваг хаагдсанаас учирсан алдагдлын хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрнэ гэж тус сувгийн захиргааны дарга Усама Рабиа мэдэгджээ.
“Ослыг шалгах ажиллагаа дуусах хүртэл “Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц сувгийг орхихгүй. Бид осол болсон өдрөөс эхлэн гаргасан бүх зардлыг тооцоолно. Түүнчлэн өдөр шөнөгүй ажиллуулсан чирэгч болон ёроол ухагч хөлөг онгоцнуудын ажиллагааны зардлыг гаргана. Энэ бол маш их мөнгө юм” хэмээн Рабиа “Sada el-Balad” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Урьдчилан тооцоолсноор, хохирлын хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрч байна.
Суэцийн суваг хаагдсаны улмаас дэлхийн худалдаанд долоо хоногийн дотор учирсан хохирлын хэмжээг “Allianz” компани 6-10 тэрбум ам.доллароор үнэлжээ. “The Loadstar” цахим хуудасны мэдээлснээр, сул зогсож буй чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцнуудын ашиглалтын зардал өдөрт 3,25 сая орчим ам.долларт хүрэх бол нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудын хувьд 500 мянга орчим ам.доллар болно гэжээ.
Суэцийн сувгийн хөдөлгөөн 3 дугаар сарын 23-нд хаагдсан юм. “Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг 3 дугаар сарын 29-н байрнаас нь хөдөлгөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.