Таван улс Оросын дипломатчдыг эх орноосоо гарахыг шаардав.
Латви, Литв, Эстон зэрэг гурван улс Чехтэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болгож Оросын дипломат ажилтнуудыг эх орноосоо гарахыг шаарджээ.
Латви улс Оросын нэг дипломатчийг үл итгэх этгээдээр нэрлээд байгаа бол Литв хоёр дипломатчид долоо хоногийн дотор гарах болзол тавьсан байна.
Эстонын ГХЯ ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайдыг дуудан, Чех улсад 2014 онд болсон дэлбэрэлтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлэн Оросын нэг дипломат ажилтныг эх орноосоо гаргах болсон талаар мэдэгджээ.
Эдгээр орны гаргасан шийдвэрт хариу барина гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна. Тэрбээр эдгээр орны дипломат ажилтнууд тээшээ баглахад бэлдэж эхлэхэд гэмгүй гэжээ.
Үүнээс өмнө Словак улс мөн Оросын гурван дипломат ажилтныг эх орноосоо хөөх шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн Польш улс Оросын гурван дипломат ажилтныг гарахыг шаардсаны хариуд ОХУ Польшийн таван дипломатчийг ирэх сарын 15-ны дотор гарахыг шаарджээ.
Польш улс АНУ-ын нутаг дэвсгэрт цахим халдлага үйлдсэн гэж Москваг буруутган, АНУ-тай эв санааны нэгдлээ илэрхийлж, ийм алхам хийж буйгаа тайлбарлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.