Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно.
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын удирагч Ши Жиньпин Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх таван жилд нүүрсний цахилгаан станцуудыг хатуу хязгаарлаж, 2060 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй орон болох амлалт өгчээ.
Хятад Улс одоогийн таван жилийн төлөвлөгөөндөө нүүрсний хэрэглээний өсөлтийг хязгаарлах тухай тусгасан бол 2026-2030 оны төлөвлөгөөндөө аажмаар бууруулах тухай тусгах аж. Түүнчлэн Ши Жиньпин нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахтай холбогдсон журмыг чангатгахаа амлаад, "Хятад Улс бусад оронтой харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарлаа богино хугацаанд бууруулах амлалт авсан. Энэ нь Хятадаас онцгой хүчин чармайлт шаардах нь тодорхой. Манай улс нүүрсний хамаарлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний салбарт сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй хөрөнгө оруулсаар ирсэн” гэжээ.
Тэрбээр мөн “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудад ногоон санхүүжилт олгох, дэмжиж ажиллахаа амлав. Ши Жиньпиний нүүрстөрөгчийг бууруулах амлалт нь нүүрс түлдэг цахилгаан станцуудад эдийн засаг, нийгэм болон улс төрийн хувьд ихээхэн дарамт болно гэдгийг шинжээчид анхааруулж байна. Зүүн Азийн “Greenpeace”-ийн уур амьсгал, эрчим хүчний бодлогын ахлах ажилтан Ли Шуо твитертээ "Ши Жиньпиний “Leaders Climate Summit” дээр хэлсэн үг нь тус улс нүүрстэй салах ёс гүйцэтгэхэд ойртсоныг харуулж байна" гэж жиргээд, “Гэхдээ илүү олон арга хэмжээ авах шаардлагатай” гэдгийг онцолжээ.
Үүнээс гадна Австралийн нүүрсний урт хугацааны хэтийн төлөв хүндэрч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулав. БНХАУ зорилтоо биелүүлэхийн тулд 2050 он гэхэд нүүрсээ бүрэн халах шаардлагатай болохоор байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зохион байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад дэлхийн 40 гаруй улсын удирдагч оролцсон юм.
АНУ-ын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оны үеийнхээс 50-52 хувиар бууруулах зорилт дэвшүүлж буйг мэдэгдээд, дэлхийн бусад улс, ялангуяа томоохон эдийн засагтай орнуудад энэ чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөлд олгох Төрийн санхүүжилтийг зогсооно гэж мэдэгдсэн. Тус улс дотооддоо шинээр нүүрсний цахилгаан станц байгуулахыг хориглоод байгаа юм. БНСУ 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтынхаа хэмжээг 2017 оны түвшнээс 24.4 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлэмжийн хийн ялгаруулалтаа ирэх 30 жилийн хугацаанд эрчимтэй бууруулна гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн ОХУ хүлэмжийн хийг шингээхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. ОХУ-ын эко систем нь жилд 2.5 тэрбум тонн хүлэмжийн хий шингээдэг гэх тооцоолол хийгдсэнийг тэрбээр дурджээ. Үүнээс гадна Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Мэлпас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд зориулж урьд өмнө нь байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр “Хамгийн өндөр үр дүнд хүрэхийн тулд урьд өмнө нь байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулахад бидний төлөвлөгөөний гол утга учир оршино. Ингэснээр хамгийн их бохирдол ялгаруулдаг улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлын муруйг тэгшитгэх, бууруулахад хандлагыг хурдасгахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм” хэмээв.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтийн хэмжээ сүүлийн хоёр жилд түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэдгийг Дэлхийн банкны ерөнхийлөгч мэдэгджээ. Дэлхийн банк 2016-2020 оны хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 83 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Үүнээс 41.5 тэрбум ам.доллар 2019 онд зарцуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.