Сергей Лавров, Энтони Блинкен нар уулзлаа
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Исландын нийслэл Рейкьявик хотноо Арктикийн зөвлөлийн сайд нарын хурлын үеэр анх удаа биечлэн уулзлаа. Уулзалт хоёр цаг үргэлжилжээ.
С.Лавров хэлэлцээ эхлэхийн өмнө АНУ-ын Төрийн бичгийн даргад уулзалт зохион байгуулах санал тавьсанд талархал илэрхийлээд, ОХУ, АНУ-ын харилцааг цэгцлэх шийдлийг олохыг уриалав. "Хамгийн чухал зүйл бол бид дипломат боломжоо ашиглахыг хичээх явдал юм. Та яг ийм хандлагыг харуулж байгаад талархаж байна" гэж тэрбээр хэллээ.
Олон улсын байдал, асуудлуудыг шийдвэрлэх арга хэлбэрийг үнэлэхдээ Москва, Вашингтон ноцтой санал зөрж байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ, Орос улс "бүх асуудлыг үл хамаарах зүйлгүйгээр шударга, баримттай, мэдээж хэрэг харилцан хүндэтгэсэн зарчмаар хэлэлцэхэд бэлэн байгааг” мэдэгдсэн байна.
С.Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай БНАСАУ-ын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны талаар ярилцах бодолтой байгаагаа хэлэв. "ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд болон АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаатай холбоотой АНУ-ын өмнөх засаг захиргаанаас өвлөгдсөн ан цавыг арилгахад бид бэлэн байна" гэж тэрбээр хэллээ.
Э.Блинкен хариуд нь хэдийгээр санал зөрөлдөөнтэй байгаа ч АНУ, ОХУ олон чиглэлээр ажиллах боломжтой бөгөөд хоёр улсын удирдагчид хамтран ажиллавал дэлхий ертөнц аюулгүй болно гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Лавров үүний хариуд Владимир Путин, Жо Байден нар хоёр орны ашиг сонирхол нийлж байгаа асуудалд, ялангуяа стратегийн тогтвортой байдлын асуудлаар хамтран ажиллах ёстой гэж тэмдэглэсэн байна.
Вашингтон "Оростой тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцаа" хайж байна гэж Төрийн департаментын тэргүүн мэдэгдэв. "Бид хоорондоо санал зөрүүтэй байгаа нь нууц биш" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Үүний сацуу Э.Блинкен хэрэв АНУ болон түүний холбоотнуудын эсрэг ОХУ түрэмгий үйл ажиллагаа явуулбал Вашингтон "асуудлыг хурцатгах, зөрчил мөргөлдөөн хайх зорилгогүйгээр" хариу арга хэмжээ авна гэж анхааруулав.
Хоёр орны ашиг сонирхол нийлж буй сэдвүүдээр тэрбээр цар тахал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Иран, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон Афганистаны асуудлыг нэрлэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлэлцээний үеэр Орос, Украины хил дээрх нөхцөл байдалд Вашингтон түгшиж байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт мэдэгдлээ гэж лхагва гаргийн орой болсон уулзалтын дараа АНУ-ын Төрийн департемантын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдээлжээ.
Үүнээс гадна, С.Лавров, Э.Блинкен нар хоёр орны өргөжүүлж болох хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцаж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов. Мөн Сирийн хямралын эргэн тойрон дахь нөхцөл байдал, Армени, Азербайжаны зөрчлийг зохицуулах талаар хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.