Улс орнууд БНАСУ-д хатуу хориг тавих ёстой гэв.
Умард Солонгос тив алгасагч шинэ төрлийн баллистик пуужин туршсан тухайгаа баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сүүлийн 2 жилд анх удаа олон нийтэд нээлттэй хуралдаан хийлээ. Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн орнууд Умард Солонгосын шинэ төрлийн зэвсгийн туршилтыг зэмлэн буруутгаж, нэмэлт хориг арга хэмжээ авахыг санал болгосон байна.
Тодруулбал, Умард Солонгосын пуужингийн туршилтын асуудлаарх НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн өмнөх шуурхай хуралдаанууд ихэвчлэн хаалттай горимоор болдог байсан. Харин энэ удаад Умард Солонгосын туршсан зэвсэг нь тив алгасагч, цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтай баллистик пуужин айсан учир энэ асуудлыг илүү нухацтай авч үзэж байна. Улс орнууд Умардад хатуу хориг тавих ёстой гэсэн хамтарсан мэдэгдэл хийж байна.
Албани, Австрали, Бразил, Канад, Герман, Ирланд, Итали, Япон, АНУ зэрэг орнуудын хамтарсан мэдэгдэлд, "Энэ туршилт бол Аюулгүйн зөвлөлийн олон арван тогтоолыг зөрчиж, олон улсын хамтын нийгэмлэгт бүхэлд нь аюул занал учруулж байна. Пхеньян аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг бүдүүлгээр зөрчиж, бүс нутаг дэлхий нийтийн тогтвортой байдлыг санаатайгаар үл тоомсорлож байгаад Аюулгүйн зөвлөл болон олон улсын хамтын нийгэмлэг хайхрамжгүй хандахгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр Умардад ойлгуулахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэгдмэл байр сууринд хүрэх ёстой" гэж тусгасан байна.
Мөн АНУ Умардын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл өргөн барина гэдгээ мэдэгджээ.
Харин БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, "Асуудлын гол нь Пхеньянд олон жилийн турш гаднаас ирж байгаа аюулгүй байдлын заналхийлэл юм. АНУ Умардтай шууд яриа хэлэлцээгээ аль болох хурдан сэргээх нь зүйтэй" гэж мэдэгджээ. Тэрбээр, "Бээжин Москватай хамтран Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай тогтоолын төсөл боловсруулахаар ажиллаж байгаа" гэсэн байна.
Сануулахад, Умардын удирдагч улс орныхоо цөмийн тогтоох барих хүчийг улам зузаатгахын зэрэгцээ Америктай урт хугацаанд зөрчилдөөн бий болоход бэлтгэж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Умард Солонгос 2017 оноос хойш анх удаа холын тусгалтай, баллистик пуужингийн туршилтыг пүрэв гарагт хийсэн нь энэ билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.