БНСУ-ын ерөнхийлөгч залгамжлагчийнхаа ажлын албыг нүүлгэх төсвийг батлахыг үүрэг болголоо.
БНСУ-ын одоогийн удирдагч Мүн Жэ Ин өөрийн залгамжлагч Юн Сок Ёлын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлахыг Засгийн газарт даалгалаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Пак Кён Ми мэдэгджээ.
"Төсвийн нөөц хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх ажилд зарцуулах саналыг хянан хэлэлцсэн Засгийн газрын хурлын үр дүнгийн талаар өнөөдөр өглөө Ерөнхийлөгчид мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж, төсвийг яаралтай батлахыг үүрэг болгосон" гэж Пак Кён Ми мэдээлсэн байна.
Юн Сок Ёлын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ким Ун Хэ хэлэхдээ, Засгийн газрын тусгай хуралдаан лхагва гарагт болно гэжээ. "Захиргааг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах нөөц хөрөнгийн хуваарилалтыг маргаашийн хурлаар батална гэж надад мэдэгдсэн. Бүх зүйл хэвийн явагдана гэж найдаж байна" гэж тэрбээр хэлжээ.
Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Юн Сок Ёл 1948 оноос БНСУ-ын удирдагчдын ордон, албан үүргээ гүйцэтгэж байсан Хөх ордонд орохгүй гэж амласан. Тэрбээр тавдугаар сарын 10-нд тангараг өргөхөөсөө өмнө нийслэл Сөүл хотод орших Үндэсний Батлан хамгаалах яамны байр луу Ерөнхийлөгчийн тамгын газрыг нүүлгэх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Үүний тулд түүнд "аюулгүй байдлын үүднээс" энэ санааг анхлан эсэргүүцэж байсан одоогийн Ерөнхийлөгчийн зөвшөөрөл, туслалцаа хэрэгтэй байв.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тооцоолсноор, нүүлгэн шилжүүлэх санаачилгад төсвөөс 40.8 сая ам.долларын зардал гарах бөгөөд одоогийн эрх баригчид 25.6 сая орчим ам. долларын төсөв хэлэлцэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.