БНСУ-ын Бусан хотод олон улсын кино наадам үргэлжилж байна
Бусаны 28 дахь олон улсын кино наадам үргэлжилж байна. Наадмын үеэр Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл болон ажлын алба “Монгол үдэш” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Бусаны олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон Монгол Улсыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм. Энэхүү өдөрлөгт Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотноо суугаа консул Ц.Өнөрзаяа оролцов. Мөн каллиграфчин С.Хөгжилбаяр Монголын үндэсний уран бичлэгийг олон улсын уран бүтээлчдэд таниулав.
Кино наадмын үеэр Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолт толилуулж, Монгол Улсад зураг авалтаа хийх боломжтой онцгой байршлуудыг танилцуулах үйл ажиллагааг гадаад, дотоодын зочдод зориулан зохион байгуулав. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол уран бүтээлчид морин хуур, монгол бүжиг, лимбэний аялгуу, Алтайн магтаал хөөмий зэргийг зочдод сонирхуулсан юм.
Ташрамд дурдахад, Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг. Энэхүү наадамд Монгол Улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай Болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино, найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино тус тус “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгарсан байна. Тус хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгараад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.