"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-н Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлт Сөүл хотын Дүндэмүн дүүрэгт /2023.10.21/ боллоо. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Оргилдорж, БНСУ-ын Сөүл хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Б.Хажидмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн мэргэжилтэн Б.Нандинчимэг нар оролцлоо.
БНСУ-ын талаас: УИХ-ын гишүүн Чанг Гён Тэ, УИХ-ын гишүүн Хо Ин А, Дүндэмүн дүүргийн Засаг дарга И Пил Хёнг, Дүндэмүн дүүргийн Иргэдийн хурлын дарга И Тэ Ин, Дүндэмүн дүүргийн Иргэдийн хурлын дэд дарга Чонг Сонг Ён нарын олон хүндэт зочин, төлөөлөгчид оролцов.
“Монголд үйлдвэрлэв- 2023 БНСУ-д”үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зорилготой арга хэмжээ юм. Үзэсгэлэн энэ сарын 21-23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.