БНСУ-ын компаниуд Tesla-гийн цэнэглэх технологийг нэвтрүүлнэ
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai, Kia компаниуд АНУ-д худалдаалах цахилгаан автомашинууддаа Tesla компанийн цахилгаан автомашины цэнэглэх системийг ирэх оны дөрөвдүгээр улирлаас нэвтрүүлэхээр болсноо пүрэв гарагт мэдэгдлээ.
Тодруулбал, Hyundai, Kia нь Ford, General Motors зэрэг компаниудын нэгэн адилаар цахилгаан тээврийн хэрэгслүүддээ Хойд Америкийн цэнэглэгч стандарт /NACS/ хэмээн нэрлэдэг Tesla-гийн цэнэглэх оролтуудыг нэвтрүүлэхээр болсон бөгөөд ингэснээр жолооч нар Tesla-гийн аль ч цэнэглэх станцаар үйлчлүүлэх боломжтой болно.
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч компаниудын мэдээлснээр, АНУ, Канад, Мексик дэх Tesla-гийн 12 мянга гаруй цэнэглэх станцаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд 2024 оноос эхлээд түүнээс цааш үйлдвэрлэх бүх цахилгаан тээврийн хэрэгсэл нь Tesla-гийн NACS технологийг дэмждэг болох ажээ.
Hyundai компанийн дэлхий даяарх үйл ажиллагаа хариуцсан захирал Хосе Муньос хэлэхдээ “Tesla-тай хамтран ажиллаж байгаа нь хэрэглэгчдэдээ илүү ая тухтай үйлчилгээг үзүүлэхийн төлөөх бидний амлалтын хувьд нэгэн чухал алхам болж байна. Энэхүү шинэ хамтын ажиллагаа нь Hyundai-гийн цахилгаан автомашин эзэмшигчдэд өөрсдийн унаагаа амар хялбар цэнэглэх боломжийг бүрдүүлж байна” гэв.
Ташрамд дурдахад, Hyundai болон Kia компанийн одоогийн цахилгаан автомашиныг эзэмшигчдийн хувьд 2025 оны эхний улирлаас эхлэн шилжүүлэгч /адаптер/ ашиглан Tesla-гийн цэнэглэх станцуудаар үйлчлүүлэх боломжтой болно.
“Манай компани NACS технологийг нэвтрүүлснээр 400 сая хүртэлх ам.долларыг хэмнэнэ хэмээн найдаж байна” гэж General Motors компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра ярьж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.