БНСУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор шинэ яам байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор шинэ яам байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл “үндэсний онц байдал”-ын хэмжээнд авч үзэхээр болсон бага төрөлт, түүнээс үүдэлтэй хүн ам зүйн хямралыг даван туулахын тулд бүхий л боломжоо дайчлах бодлого барьж байна. Тухайлбал төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр дагнан ажиллах шинэ яам байгуулахаар төлөвлөжээ. Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн урт наслалттай, төрөлт хамгийн багатай орны нэг, энэ нь хүн ам зүйн сорилт болж байгаа юм.

Төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх төлөвлөлтийн яам нэртэйгээр байгуулах шинэ яамыг нийгмийн асуудал эрхэлсэн дэд сайд удирдаж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, халамжийн салбарын бодлогыг боловсруулж ажиллах юм байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч шинэ яам байгуулахад хамтарч ажиллах хүсэлтээ парламентдаа өгсөн юм байна. Өмнөд Солонгос улс эмэгтэйчүүдийг олон хүүхэд төрүүлэхэд нийгмийн дэмжлэг үзүүлэх, хүн амын тогтвортой байдлыг хадгалахын тулд төрөөс олон тэрбум ам.долларын төсөв зарцуулж байгаа ч төрөлт өнгөрсөн онд түүхэн доод хэмжээндээ хүрч буурсан. Хоёрдугаар сард Солонгосын статистикийн газраас гаргасан мэдээллээр Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин буюу эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн тоо 2023 онд 0,72 болж, 2022 онтой харьцуулахад бараг найман хувиар буурсан байна. Энэ нь одоогийн 51 сая хүн амыг тогтвортой хадгалахад шаардагдах эмэгтэй хүнд ноогдох 2.1 хүүхдийн тооноос хамаагүй доогуур үзүүлэлт,  энэ үзүүлэлтээр 2100 он гэхэд тус улсын хүн ам ойролцоогоор хоёр дахин буурна гэж шинжээчид үзэж байна.

Өмнөд Солонгост эмэгтэй хүнд ноогдох төрөлт 0.72 байгаа нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын орнуудын дунд хамгийн бага, харин төрөх дундаж нас 33.6 байгаа нь энэ бүлгийн улсууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсын Засгийн газар шинээр хүүхэдтэй болж байгаа гэр бүлд бэлэн мөнгөний татаас олгох, хүүхэд асрах үйлчилгээ, үргүйдлийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зэргээр төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд асар их мөнгө зарцуулж байгаа хэдий ч төрөлт жил дараалан буурсан хэвээрээ байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.