БНСУ хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 10 их наяд воны хөтөлбөр хэрэгжүүлнэ

БНСУ хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор 10 их наяд воны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Өмнөд Солонгос хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 10 их наяд вон буюу 7.28 тэрбум ам.долларын багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг хөтөлбөрийг хагас дамжуулагч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ гэж тус улсын Сангийн яамнаас мэдэгдсэн байна.

Багц хөтөлбөрийн 10 их наяд воныг хагас дамжуулагчийн орц материалаас эхлээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд анги хүртэл хагас дамжуулагчийг үйлдвэрлэн гаргах бүхий л салбарт хөрөнгө оруулалт, судалгаа, хөгжлийн хөтөлбөрийг дэмжихэд зарцуулах юм байна. Энэхүү багцыг төрийн мэдлийн Солонгосын хөгжлийн банк зэрэг хувийн хэвшлийн болон төрийн санхүүгийн байгууллагуудаас санхүүжүүлэх сангаар дамжуулж олгохоор төлөвлөжээ. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь Өмнөд Солонгосын хувьд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрт тооцогддог. Өмнөд Солонгост 1980-аад оноос хойш хагас дамжуулагчийг компьютер болон бусад төхөөрөмжид их хэмжээгээр ашиглаж эхэлснээр хагас дамжуулагчийн үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж иржээ. Тус улс 2022 онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн 17.7 хувийг эзэмшиж, 2013 оноос хойш 10 жил дараалан дэлхийд хоёрт бичигдсээр байна. Солонгос улс энэ салбарын өрсөлдөх чадвараа хадгалахын тулд судалгаа, боловсруулалт, хөрөнгө оруулалтад тасралтгүй анхаарч байгаа юм.

Хагас дамжуулагч нь ухаалаг утас, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүдийн суурь бүтэц төдийгүй орчин үеийн тооцооллын үндэс суурь болж байгаа, энэ зах зээлийн төлөөх өрсөлдөөн сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын дунд ширүүсэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.