Боинг компани Саудын Араб улсад 1052 пуужин нийлүүлнэ

Агаар, газар ангиллын болон хөлөг онгоц эсэргүүцэгч 1000 гаруй пуужинг Саудын Арабын батлан хамгаалах салбарт нийлүүлэх, 2 тэрбум долларын өртөгтэй хоёр гэрээг "Боинг" компани байгуулсан байна. Тус компани "SLAM-ER" ангиллын далавчит пуужин 650 ширхэг, хөлөг онгоц эсэргүүцэгч “Harpoon” пуужин 402 ширхэг нийт 1052 ширхэг пуужинг Саудын Арабын батлан хамгаалах салбарт нийлүүлэхээр боллоо гэж Пентагон мэдэгджээ.
Гэрээг 2028 он гэхэд хэрэгжүүлж дуусгана. Энэ хугацаанд "Боинг" компани гэрээнд заасан хоёр төрлийн пуужинг Саудын Араб улсад нийлүүлж дуусах аж. "Жи Пи Эс" удирдлагатай, агаар, газар ангиллын "SLAM-ER" далавчит пуужин нь ойролцоогоор 290 км-ийн тусгалтай юм байна.
Мөн дээрх хоёр төрлийн пуужинг Бразил, Катар, Тайланд зэрэг орнуудад нийлүүлэх юм байна. Дагалдах тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг, Япон, Нидерланд, Өмнөд Солонгост мөн нийлүүлэхээр төлөвлөж байгааг Пентагоны мэдэгдэлд онцолжээ.
АНУ болон Саудын Араб хоёр батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээтэй, холбоотон орнууд. 2017 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт төрийн айлчлал хийх үеэр хоёр орны хооронд 110 тэрбум долларын зэвсгийн худалдааны гэрээ байгуулж байсан юм. Энэхүү зэвсгийн худалдаа нь Ойрх Дорнодын бүс нутаг дахь Ираны нөлөөг хязгаарлах зорилготой гэж ажиглагчид дүгнэдэг юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.