Шинэ короанвирусний эмчилгээнд гурван жирэмсэн эмэгтэй байна
ХӨСҮТ-д өчигдөр хийсэн бүх шинжилгээнээс шинэ коронавирус илрээгүй. Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлйн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.
Тодруулбал, ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораториудад нийт 31 сорьцыг шинжлэхэд шинэ коронавирус илрээгүй, батлагдсан тохиолдол 179 хэвээрээ байна. Эмчилсэн 44 иргэнийг дараагийн хяналт руу шилжүүлээд байна. Одоо ХӨСҮТ-т 169 хүн хяналтад байгаагийн 135 нь эмчилгээний шатанд орсон. Тэдгээрийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр биеийн байдалтай байна.
Шинэ коронавирусний эмчилгээнд байгаа иргэдийн 5 нь 8-16 насных байгаа бол гурван жирэмсэн эмэгтэй байгаа юм. Түүнчлэн нэг элэгний хавдартай, нэг сахарын өвчтэй хүн байна.
Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар, дэлхий даяар шинэ коронавирусний халдварын тохиолдол 6 сая 159 мянга бүртгэгдэж, амиа алдсан 371 мянга, эдгэрсэн 2 сая 700 мянган хүн байна. АНУ, Бразил, ОХУ хамгийн их халдвартай орны жагсаалтын эхэнд хэвээр байна. АНУ-д 1 сая 800 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 105 мянган хүн амиа алдаж 535 мянган хүн эдгэрчээ. Харин Бразил улсад өчигдөр халдварын улмаас 15 хүн амиа алдаж, шинээр 1500 шинэ тохиолдол нэмэгдэж батлагдсан тохиолдол 499 мянга болжээ. Тус улсад халдварын улмаас амиа алдсан 28 мянга, эдгэрсэн 205 мянган хүн байна.
Харин ОХУ-д халдварын батлагдсан тохиолдол 396 мянга, амиа алдсан 4555 эдгэрсэн 167 мянга байна. Манай улсын олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Эрхүү, Чита мужид халдварын батлагдсан тохиолдол 27-168-аар нэмэгдсэн аж. Тухайлбал, Эрхүү хотод халдварын 168 тохиолдол шинээр нэмэгдсэн буюу өмнөх өдрийнхөөс 108-аар ихэсчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.