Өнөөдөр “Дэлхийн тамхигүй өдөр” тохиож байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нд “Дэлхийн тамхигүй өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд тамхины хор уршгийн талаар иргэддээ таниулан сурталчилдаг.
Энэ өдөр ДЭМБ-аас тамхи хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг дэлхийн нийтэд таниулж, тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар уриалга гаргадаг. Өнгөрсөн жил дэлхийн тамхигүй өдрийг "Уушгиа хайрлая" сэдвийн хүрээнд тэмдэглэсэн бол манай улсад “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё, өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” гэсэн уриа дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгийн талаар өсвөр үеийхэнд сурталчилан таниулахад оршдог. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины улмаас дэлхий даяар жил тутам 7 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртсөн байжээ.
Харин Их Британи улс 1984 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын эхний лхагва гарагийг тамхи татахгүй байх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тамхи татдаггүй хүмүүс ч дам тамхидалтад өртөж уушгины хавдраар шаналах болсныг ДЭМБ-аас гаргасан судалгаа нотолж байна. Тамхинаас гарах нь уушгины хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг бөгөөд 10 жил тамхи татаагүй хүний уушгины хавдар үүсэх эрсдлийг тогтооход 50 хувиар буурсан байжээ.
Бага насны хүүхдүүдийн хувьд дам тамхидалтад хамгийн их өртөж байгаа бөгөөд тэдний уушгины өсөлт болон үйл ажиллагааг сааруулж дархлааг сулруулдаг байна. Жирэмсэн байхдаа тамхи татах нь хүүхдийг төрөхөөс нь ч өмнө дам тамхидалтаас үүдсэн амьсгалын замын олон өвчин тусах эрсдлийг нь нэмэгдүүлдэг.
Дашрамд дуулгахад, ДЭМБ-ын судалгаагаар өнөөдөр хөгжингүй улс орнуудын иргэдийн тамхины хэрэглээ эрс буурах болсон бол хөгжиж буй болон ядуу буурай орнуудын иргэдийн тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.