Алдарт зохиолч, яруу найрагчид хайраа яаж илчилдэг байсан бэ?

Алдарт зохиолч, яруу найрагчид хайраа яаж илчилдэг байсан бэ?

Өнөөдөр Гэгээн Валентины өдөр. Энэ өдөр хайраа илчилж, хайр дурлалын тухай ярихгүй  бол өөр хэзээ хэлэх билээ. Хайраа илчлэх үг олоход хэцүү гэдгийг бүгд зөвшөөрнө. Тэгвэл уран үгийн мастер алдарт зохиолч, яруу найрагчид хэрхэн хайраа илчилж байсныг авч үзье. Танд хэрэг болно гэдэгт итгэж байна.

Оноре де Бальзак - Эвелина Ганскаяд

"Өнөөдөр би ганцхан л юм хэлж, ярьж чадна. Танд би тайван сууж чадахааргүй их хайртай. Найм, есдүгээр сарын дараа би таны л хажууд амьдарч чадна гэдгээ мэдэрдэг. Танаас хол байх нь миний хувьд үхэл..."

Шарлотта Бронте - Константин Эжед

"Өдөр болгон би танаас захиа хүлээдэг. Өдөр ирэх тусам хөсөрдсөн итгэл найдвар минь намайг тэсэхийн аргагүй зовоон тарчлааж байна. Таны бичгийн хэвийг хараад л баярладаг миний сэтгэлийн аз жаргал надаас улам бүр зэрэглээ мэт холдож байна. Би идэж ч, унтаж ч чадахаа больж, бие минь улам сулран доройтсоор л"

Эрнест Хемингуэй - Марлен Дитрихт

"Таныг тэврэх болгондоо мэдэрч байсан зүйлээ би үгээр илэрхийлж чадахгүй нь. Надад төрсөн гэртээ байгаа мэт санагдаж байсан"

Виктор Гюго - Адель Фушед

"Хайрт Адель минь, чиний хэдхэн үг дахиад л миний сэтгэлийн байдлыг өөрчилчихлөө. Тиймээ, чи намайг яасан ч чадах юм байна. Хэрэв чиний уянгалаг хоолой, зөөлөн уруул чинь надад амьдрах хүсэл төрүүлэхгүй бол би маргааш яг үхэх болно"

Жорж Санд - Альфреду де Мюссед

"Бурхан минь, би чамд хайртай. Энэ бол надад чиний нөхөрлөл шиг маш их хэрэгтэй зүйл. Аль нэг нь байхгүй бол би ганц өдөр ч аз жаргалтай байж чадахгүй"

Эдит Уортон - У.Мортон Фуллертон

"Чамайг өрөөнд орж ирэхэд л би галд шатаж байгаа мэт болдог. Биед минь хүрэхэд чинь зүрх дэлбэрэх шахан цохилж, чамд тэврүүлэхдээ би ямар ч үг хэлж чадахаа больдог"

Жон Китс - Фанни Браунд

"Байхгүйд чинь ч би чамайг мэдэрдэг. Амссан зовлон, аз жаргалгүй өдөр, нойргүй хоносон шөнүүд минь ч намайг чамаас салгаж чадахгүй. Чи дэргэд минь байхгүй болохоор би амьдрах биш зүгээр л нэг оршиж байна"

Марина Цветаева - Константин Радзевичид

"Таны нүдэнд хайртай. Гаранд чинь бас, нарийхан, бага зэрэг хүйтэн гар. Гэнэт догдолдог чинь, яасан нь мэдэгдэхгүй инээвхийлдэг чинь. Ихэмсэг, эрхэмсэг ч та ямар сайхан жирийн хүн бэ. Та бол намайг хүн чанарт сургаж байгаа эрхэм. Та бид хоёр уулзахаасаа өмнө хоёулаа хүн биш байсан байх. Би танд Сэтгэл гэж хэлсэн, та хариуд нь Амьдрал гэж хэлсэн"

Гюстав Флобер - Луиза Колед

"Чиний зөөлөн үгнүүдийг сонсох сайхан. Чиний хайр бүлээн бороо мэт намайг дэвтээнэ. Харин би зүрхний гүн хүртлээ угаалгасан мэт л болдог"

Александр Пушкин - Наталья Гончаровад

"Бодох тусмаа би танаас хол байж чадахгүйгээ улам хүчтэй мэдрэх юм. Би энэ хорвоод таныг хайрлаж, энхрийлэхийн тулд л ирсэн. Миний бусад ажил хэрэг, асуудлууд бол зүгээр л нэг төөрөгдөл, огт хэрэггүй зүйлс. Танаас хол байхдаа би аз жаргалаа ханатал амсаж чадаагүйдээ харамсах сэтгэлээр дүүрэх юм"

Кэтрин Мэнсфилд - Жон Миддлтон Маррид

"Би өнөөдөр юу мэдэрч байгаагаа нууж чадахгүй нь. Би чамд маш их хайртай. Дэлхий ертөнц алга болж, зөвхөн чи л үлджээ. Би алхаж, идэж, бичиж байгаа ч зөвхөн чамаар л амьсгалж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.