Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд шууд нислэгтэй болно
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Х.Баделхан сайд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзжээ.
Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцолж, цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд харилцан санал солилцон ярилцсан байна. Мөн сайд Х.Баделхан Монгол Улсад 2020 онд ашиглалтад орох “Чингис хаан” ОУНОБ, түүнийг даган хөгжих шинэ хотуудын талаар болон Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториудын тоног, төхөөрөмжийг нийлүүлэх төслийг танилцуулахад айлын талаас хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд агаарын тээвэр, логистикийн ач холбогдлыг дурдан, Монгол Улс руу шууд нислэг үйлддэг болох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг дэвшүүлжээ.
АНЭУ-ын тал Монгол Улстай нэгэн адил нүүдлийн соёл, түүхтэй байсан талаар дурьдан байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засгаа хэрхэн солонгоруулж, дэлхийн худалдаа, санхүү, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болгон хөгжүүлэхэд баримталсан бодлого, төлөвлөлтийн талаарх туршлагаа хуваалцсан байна.
Энэхүү уулзалтын үр дүнд АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх төслийг дэмжихээ илэрхийлж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болж аялал жуучлал, агаарын тээвэр, логистикийг хамтран хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллахаар талууд тохиролцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.