Сонгуулийн сурталчилгаа, чуулган эхэлсэн долоо хоног

Сонгуулийн сурталчилгаа, чуулган эхэлсэн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт Монголын нийгэмд хоёр томоохон үйл явдал боллоо. Эхнийх нь мэдээж орон нутгийн сонгууль. Энэ сонгуулиар бид нийслэл, аймаг, сум, дүүргийн удирдлагаар хэн ажиллах вэ гэдгийг шийднэ. Тухайлбал, нийслэлийн Сонгуулийн хорооноос өгч буй мэдээллээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ гардан авсан байна. УИХ-ын сонгуулиар сонгогдсон гишүүд хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг бол орон нутгийн сонгуулиар сонгогдсон Төлөөлөгч яг бидний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн төлөө явах учиртай. Тийм ч болохоор илүү идэвхтэй, бодолтой хандах ёстой гэсэн үг. Гэвч гараанаас нь харахад арай өөр дүр зураг харагдаад байгаа юм. Нэг талаас АН, МАХН, ШИНЭН-ын хамтрал тойргуудад олон нэр дэвшигч өрсөлдөх байдлыг багасгалаа. УИХ-ын сонгуулиар бүх тойрог дээрээ давхар өрсөлдөж эрх баригчдад зам тавьж өгсөн алдаагаа засаж байгаа хэрэг болов уу. Дээрээс нь ХҮН-ын УИХ-ын сонгуулиар “өвдөг шороодсон” залуус нийслэлийн ИТХ-ын сонгуульд даагаа нэхэхээр бараг бүрэлдэхүүнээрээ дахин нэр дэвшээд байлаа. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж орхив. Үндэслэл нь ХҮН-ын нийслэлийн хороо нь хоёр болж таарчээ.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа “Монгол Улсад шударга ёс байхгүй болсон байна. Хөдөлмөрийн үндэсний намаас нийт Монголчуудад хандан ардчиллаа аварч, шударга ёсыг тогтоохыг уриалж байна. Өчигдөр улс төрийн зорилгоор, шуурхай журмаар шүүгчийн захирамж гаргаж ХҮН-ыг сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна. ХҮН сонгуульд оролцох баримт бичгийн хууль ёсны дагуу нямбай бүрдүүлсэн. Хоёрдугаарт, манай намд дотоод тэмцэл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж байлаа. Тэд өөрсдийг нь сонгуульд оролцохыг боомилсон гэж үзээд бурууг нь Ерөнхийлөгч хийгээд АН руу чихэж байгаа нь ч хачин харагдаж байсан шүү. Тэрнээс нь үүдээд зарим хүн ХҮН-ын ард МАН байсан боловч нөгөө талаас арга хэмжээ авч дээ гэж хардахад хүрсэн юм. Гэхдээ галт тэрэг хэдийн хөдөлсөн. Ямар ч байсан тус нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхгүй ч дүүргийн сонгуульд өрсөлдөх эрхээ олж авчээ. Харин ганц нэг савсаг гишүүн нь дүүргийн ИТХ-д нэр дэвших эрхийн үнэмлэхээ авсныхаа дараа “Өгөхгүй байх чинь яасан юм. Одоо бол нэгийгээ үзнэ” гэх зэргээр твиттерт бичиж олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. АН-ын зарим нэр дэвшигчид ч энэ тэнд нэр дэвших эрхээ хасуулж байгаа. Тухайлбал, АН-аас Дорнод, Дархан-Уул аймаг болон зарим суманд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хүмүүсийг бүртгэж аваагүй тухай мэдээлэл гарсан. Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд “Төрийн албан хаагчид  хэт намчирхсанаас зарим аймаг, сумдад манай намын гишүүдийг бүртгэж аваагүй” гэсэн удаатай. Гол нь нийслэлийн ИТХ-ын сонгуулиас ХҮН хасагдсанаар АН, МАХН, ШИНЭН-гийн хамтрал МАН-тай тулах болоод байгаа. Нийслэлийн нэг тойрог дээр дунджаар дөрвөн хүн өрсөлдөж байгаагаас харахад УИХ-ын сонгуулиас ч томоохон хэмжээний сонгогчдийн санал авах болж таарна. Нөгөө талаас орон нутгийн сонгууль өөрөө ирц хамаарахгүй, нэр дэвшигчид авах саналын босго гэж байхгүй. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаанаас илүү намын гишүүдийн бүртгэл, санал өгч болох хүмүүсийн сүлжээ дээр суурилсан сонгуульд улс төрийн хүчнүүд бэлдээд байгаа бололтой.

Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах  үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ” гэж зарласан. Жил жилийн намрын чуулганы хамгийн гол асуудал бол ирэх оны Улсын төсвийг хэлэлцэх асуудал байдаг. Өнгөрсөн төсвийн тодотголоор 4.8 их наяд алдагдалтай төсөвтэй байгаа. Энэ бол манай улсын түүхэнд байгаагүй өндөр алдагдал юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд үг хэлэх үеэрээ УИХ-ын гишүүдэд хандаж “Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг та бүхэнд сануулж байна. Үүнд, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардлуудын шаардлагад “зайлшгүй    хэрэгцээтэй байх” хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж, төсвийн алдагдлыг эрс бууруулах, алдагдалгүй болгох, төсвийн хэмнэлт, үр ашигт үндэслэн хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж үйлдвэрийн эхний цогцолборуудыг барьж байгуулах санхүүжилтийг бүрэн тусгахыг анхаарна уу. Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх онцгой ач холбогдолтой төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрс тэлэх бодлого, арга хэмжээг цогцоор нь харж төлөвлөх, эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу. Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь Шүүхийн тухай багц хууль юм. Үүн дээр би тусгайлан санал, дүгнэлтээ танилцуулах учир энэ удаад орхиё. Эцэст нь 13 аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд дээр 500 гаруй хүн санал бодлоо биечлэн илэрхийлснийг дүгнэн хэлье. Нийт иргэд маань “Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй” гэдэг захиасыг захилаа” хэмээж байлаа.

Харин Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс харахад хүүхдийн мөнгийг ирэх жилийн зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлж олгоход 864 тэрбум төгрөг зарцуулах, 1.6 их наяд төгрөгийн 1036 төсөл хэрэгжүүлэхээс эхлээд их, дээд сургуулийн оюутнуудад дэмжлэг үзүүлэх хүртэл арга хэмжээг багтаасан байгаа. Төсвийн төслийн тоонуудыг нарийн ухаад үзвэл өөр олон зүйл гарч ирнэ. Дээр нь өнгөрсөн баасан гарагт чуулганаар төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд элдэв юм ярьсан бололтой. Жишээ нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Баянхонгорын зээлтэй иргэдийн зээлийг бууруулах ямар арга хэмжээ тусгасан бэ” гэх утгатай асуулт тавьсан байна. Энэ мэтээр төсвийг алдагдалгүй болгох нь бүү хэл амлалт биелүүлэх уралдаан болгох оролдлого гарах бололтой юм. Тэгэхээр энэ төсөвт Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих өндөр магадлал бас байна. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж өнөөгийн эрх баригчид төсөвт хайнга хандах хандлагатай байгаа бол мөн л ийм шалтгаанаар Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчнүүд шүүмжлэх чигийг барьж байгаа хэрэг. Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн үйл явдлыг тоймлоход ийм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.